Хүүхдийн мөнгийг олгохдоо Монголбанкаар дамжуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-02 11:51:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүүхдийн мөнгө олгох тухай тогтоолд өөрчлөлт оруулжээ.


Хүүхдийн мөнгийг Төрийн сангаас Монголбанканд шилжүүлж, Монголбанк арилжааны банкуудад дамжуулдаг байсан. Уг шат дамжлагыг багасгаж, сар бүрийн 20-нд Төрийн сангаас арилжааны банкууд дахь хүүхдийн дансанд шууд шилжүүлдэг болохоор тогтоолд тусгасан байна. ХНХЯ-наас дээрх зохицуулалтыг энэ оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор тогтоолд өөрчлөлт оруулж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв. Тэрбээр, “Дээрх зохицуулалтыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө хүүхдийн мөнгө цагтаа орохгүй байгаа тухай гомдол олноор ирдэг байсан. Харин энэ оны наймдугаар сараас уг гомдол ирэхээ больсон” гэлээ.


Ташрамд дурдахад, энэ оны эхний гурван улиралд нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөг олгосон байна. 

Холбоотой мэдээ