Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-03 22:17:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас байгаль орчноо хамгаалж, үр хүүхэддээ аюулгүй, эрүүл эх дэлхийг үлдээх аянд нэгдэхийг уриалж "Байгалиа хамгаалъя" хэсэгчилсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулж, Ерөө сум, Бугант тосгоны нутаг дэвсгэрт 7 хоногийн турш хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Хяналт, шалгалтын явцад нөхөн сэргээлт нэрийн дор зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж, нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоож, техник хэрэгслүүдийг албадан буулгасан байна.

Мөн байгаль экологид хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа ажээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газраас 4 цэгт алба хаагч нарыг томилон ажиллуулж байгаа бөгөөд хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Энэхүү үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Бугант тосгоны захирагчийн албатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын А270 тоот захирамжийг хэрэгжүүлэх, "Эко-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд явуулж байгаа аж.

Холбоотой мэдээ