Он гарсаар 1093 хүний амь насыг авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-10-04 10:39:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард нийт 3896 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүний улмаас 171 хүн амь насаа алдаж, 84 хүн гэмтэж бэртэн 26076 толгой мал амьтан хорогдож, 45.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 25586 хүн, 4801 техник хэрэгсэлтэй ажиллаж, 1093 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 39 хувь буюу 304, эд хөрөнгө  48 хувь буюу 16 тэрбум төгрөгөөр өсжээ. Тээврийн хэрэгслийн ослын 61 удаагийн дуудлагад 471 хүн, 104 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 73 хүнийг аварч, 38 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Цогцос гаргах 17 удаагийн дуудлагад нийт 309 хүн, 22 техник хэрэгсэлтэй ажиллаж, 20 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 

Харин он гарсаар эхний 9 сард нийт 171 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 9 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Холбоотой мэдээ