Сайжруулсан түлшийг гурван лабораторид шинжлүүлсэн дүнг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-07 14:55:16
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сайжруулсан түлшинд угаартаж амь насаа алдсан байж болзошгүй хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэний дагуу түлшнээс дээж авч холбогдох лабораториудад шинжлүүлсэн. Сайжруулсан түлшний найрлагад ямар нэгэн зөрчил илрээгүй гэсэн лабораторийн дүгнэлт гарсныг НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр танилцууллаа.  


ЦЕГ, НМХГ, НЦУГ зэрэг байгууллагын 98 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн сайжруулсан түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, барьцалдуулагчийг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлжээ. 


НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн: “Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлэхэд нэр бүхий айлуудаас авсан шахмал түлшний дээжийн чийглэг нь стандарт хангасан. Үнслэг 29 буюу түүнээс бага байх ёстой бол 23-24 байна. Хүхэр 1 буюу түүнээс бага байх ёстой бол 0.95-1.04 байна. Илчлэг нь 6,000 буюу түүнээс дээш гарсан. Угаарын хийнд хордсон айл өрхийн хэрэглэж байсан түлш болон Тавантолгой түлш ХХК-ийн хоёр үйлдвэрээс авсан дээжийг АМГТГ-ын лабораторид шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарлаа. Гаалийн төв лабораторид цардуулыг шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн. Сайжруулсан түлшинд хэрэглэсэн цардуул нь химийн бодис биш. Иргэд химийн бодсонд хордоогүй, угаартсан. Органик цардуулыг хэрэглэхэд угаар гардаггүйг эрдэмтэд нотолсон байдаг. Нэг хашаанд хоёр айл сайжруулсан түлш хэрэглэсэн байхад нэг айл нь зүгээр, нөгөөх айлын хоёр хүүхэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн нь хэрэглээнээс үүдэлтэй байна” гэв.


НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан: “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад хоёр чиглэлд анхаардаг. Нэг нь инженерийн шугам сүлжээ, нөгөөх нь иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа. Учир нь нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь төвийн шугамд холбогдоогүй, өөрийн галлагаа болон халаалтын системийг ашиглаж байна. Хэдийгээр стандартыг баталсан байдаг ч иргэд маш олон төрлийн зуухыг хэрэглэж байгаа учир сайжруулсан түлшийг зөв хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч байна. Цаашид иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байх талаар бүх шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна” гэлээ.


Холбоотой мэдээ