Цахилгааны төлбөрөө хугацаандаа төлдөг 100 гаруй өрхийг урамшуулжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-08 12:47:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр цахилгаан, эрчим хүчний төлбөрөө цаг тухайд нь төлдөг 100 гаруй айлыг урамшууллаа.

Тухайлбал, 22 өрхийг сонгож гарын бэлэг болон 10 мянган төгрөгийн үйлчилгээний эрх, бусад өрхөд цахилгааны утас татуулах зэрэг үйчилгээний эрх бэлэглэжээ. Дээрх нээлттэй өдөрлөгийн үеэр эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрөө танилцуулж айл өрхийн эрчим хүчний хэрэглээг хэрхэн тооцдог аргачлалынхаа талаар мөн мэдээлэл өгсөн юм.

“Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК 11 аймгийн 124 сумын 77000 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд 2017 оноос Дэлхийн банкны санхүүжилтээр 16.2 сая ам.долларын “Эрчим хүчний 2” төсөл хэрэгжүүлж, дөрвөн аймгийн таван сумын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангах зорилгоор ажиллаж байна. Үүний хүрээнд бетонон тулгуур, агаарын утасны шугамыг шинэчилж ухаалаг тоолуур суурилуулах гэнэ. Ингэснээр эрчим хүчний найдвартай ашиглалт, түгээлтийн алдагдал буурах ажээ.

Ташрамд дурдахад, “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК төвийн бүсийн нэгдсэн сүлжээний мөнгөн урсгалын 33 хувь, борлуулсан цахилгааны 25 хувийг дангаараа бүрдүүлдэг юм. 

Холбоотой мэдээ