Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-08 17:06:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэлэх төсөл” хэрэгжиж байна.

Төслийн дагуу аймгийн Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сайжруулах үнэлгээний баг байгуулжээ. Тус баг Ховд аймгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, өнөөгийн нөхцөл байдлыг бүртгэх, үнэлж дүгнэх, тусламж үйлчилгээ хүртэгсдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нотолгоонд суурилсан зөвлөмж боловсруулахаар зорьж байна.

Үүнтэй холбогдуулан үнэлгээний ажил хийж эхэллээ. Жаргалант сумын Баатархайрхан, Жаргалан өрхийн эрүүл мэндийн төв, Мөст сум дахь Сум дундын эмнэлэг, Үенч сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг 18-65 насны 510 орчим иргэн  үнэлгээнд хамрагдаж байна.

Иргэдээс эрүүл мэндийн байгууллагын анхан шатны тусламж үйлчилгээний талаарх асуулга, чанарын судалгаа авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийж байна. Үүний үр дүнд ДЭМБ-ын “Үйлчилгээний хүртээмж болон бэлэн байдлын үнэлгээ”-ний хялбаршуулсан хувилбар, “Хэрэглэгчийн үнэлгээний карт, “Төсвийн хараат бус хяналт шинжилгээ”-ний аргачлалын дагуу цуглуулсан мэдээллийг боловсруулж, дүгнэлт гаргах юм.

Тус үнэлгээг хийснээр Ховд аймгийн эрүүл мэндийн байгууллагын анхан шатны тусламж үйлчилгээний бэлэн байдлын түвшинг тогтоох боломж бүрдэнэ. Улмаар иргэдийн оролцоотой үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах суурь мэдээлэлтэй болох давуу талтай гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ