Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2019-10-09 14:10:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав.


Тус ангийг үүсгэн байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан олгосон уг шагналыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тус ангийн байлдааны туганд зүүж өгсөн юм.


Тэрбээр, "Та бүхэнд Зэвсэгт хүчний 124 дүгээр анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсанд халуун баяр хүргэе. Ардын армийн Жанжин штабын “Радио тусгай төв” нэртэйгээр 1969 онд байгуулж, хагас зууны хугацаанд цэргийн дээд удирдлагыг мэдээ, мэдээллээр шуурхай ханган байлдааны жижүүрлэлтийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж, олон арван алдар гавьяатнууд, төр, нийгмийн зүтгэлтэн төрүүлсэн дайчин замналтай тус ангийн цэргийн гавьяаг өнөөдөр Монголын төрөөс өндрөөр үнэлэн шагнасныг гардууллаа. Байлдааны бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, дадлага, ур чадвараараа үргэлж тэргүүлж, Зэвсэгт хүчний “Тэргүүний анги”-ийн болзлыг 18 удаа биелүүлсэн нь тус ангийн түүхэн замнал, шилдэг уламжлалыг бэлнээ гэрчлэх билээ. Улс орноо батлан хамгаалах ариун үйлс, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн ахмад дайчид, цэргийн албанд мөр зэрэгцсэн алба хаагч Та бүгдийн амжилт бүтээл, хүч хөдөлмөр, гавьяа зүтгэлд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Эх орон, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг цэрэг эрсээрээ хүн бүр бахархаж байдаг тул Та бүхэн энэхүү итгэлийг зүтгэлээр хариулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэдэгт итгэж байна.


Төрийн туг сүлд ивээж, монгол цэргийн яруу алдар бадартугай” гэв.

Холбоотой мэдээ