“Экспо Монголиа-2019” байгальд ээлтэй техник, технологийг сонгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-09 18:27:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх салбарын болон уул уурхайн гэсэн тодотголтой "Экспо Монголиа-2019" олон улсын бага хурал, үзэсгэлэн “Ногоон технологи ба хөрөнгө оруулалт” уриан дор өнөөдөр “Мишээл экспо”-д нээгдлээ.

7 дахь жилдээ зохиож буй "Экспо Монголиа-2019" үзэсгэлэнг "Экспо Монголиа” төслийн удирдагч Карстен Прен нээж, УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд, ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж “Ногоон технологи ба ногоон зээл”, “Өртөг шингээсэн баяжуулах болон боловсуулах үйлдвэрийн усны хэрэгцээний хэтийн хандлага” сэдвээр манай улсын БОАЖЯ, УУХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлэн, ХХБ хамтын ажиллагааны санхүүжилтээ танилцуулж байна.

"Экспо Монголиа” төслийн удирдагч Карстен Прен хэлэхдээ, “Монгол Улсын эдийн өсөлт 2019-2020 онд хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах нэг нөхцөл болж буй”-г онцолсон юм.


“Эдийн засгийн өсөлт нь уул уурхайн салбараас хамааралтай хэвээр байна. Уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчин, экологийн зүйл хөндөгдөж, эдийн засгийн гол салбарууд болох уул уурхай, мал аж ахуй, газар тариалан болон бусад дэд бүтцийн салбарт хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн үр ашиг бүхий сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлж, дэлхий нийтийн сайн туршлагатай уялдуулах шаардлага байна. Үүнийг шийдэхэд “Экспо Монголиа” түлхэц болно” гэдгийг зохион байгуулагч Карстен Прен тэмдэглэн хэлж байв.

Хэдийгээр "Экспо Монголиа-2019” нь уул уурхайг онцолж бусад салбарын талаар хэлэлцэн уул уурхайн техник, тоног төхөөрөмж, технологийг голчлон танилцуулдаг ч энэ удаа дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор усны менежментийн талаар хөндөж, энэ талын үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компани, ААН, байгууллагууд оролцож байна.


Тодруулбал, гурван өдөр үргэлжлэх "Экспо Монголиа-2019”-д Австри, ХБНГУ, Беларусь, Словак, ОХУ, БНСУ, БНХАУ, АНУ, Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

Олон улсын өндөр зэрэглэлийн үзэсгэлэнд тооцогдож олон улсын хамтын ажиллагааны нэг томоохон талбар болдог "Экспо Монголиа-2019”-д оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж энд хэлэлцэн тохиролцож хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 35 хувиар өсөөд буйг зохион байгуулагчид нь хэлж байв. Жишээ нь, өнгөрсөн жилийн "Экспо Монголиа-2018”-гийн үеэр нийт 31 сая еврогийн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлсэн дүн гарчээ.




Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ