Үзэсгэлэн худалдаагаар 96,8 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-10 14:34:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадвар туршлага солилцуулах зах зээлээ өргөжүүлэх, бизнесийн түншлэл тогтоох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөвсгөл брэнд-2019”, “Намрын ногоон өдөр” үзэсгэлэн худалдаа Мөрөн хотод болов. Үзэсгэлэн худалдаанд 22 сум, 1 тосгоны жижиг, дунд үйлдвэрлэгч 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр, 246 аж ахуйн нэгж болон иргэд оролцож нийт 96,8 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн байна.

Аймгийн брэнд бүтээгдэхүүнээр "Хөвсгөл хүнс" ХХК-ийн бэлгийн багц шалгарсан бол Гар урлалын шилдгээр Чандмань-Өндөр сумын иргэн Б.Гантөмөрийн Эсгий урлалын бүтээгдэхүүн, Ханх сумын Бүтээмж бүлгийн бүтээгдэхүүн, Их-Уул сумын иргэн Д.Энхболдын мод модон эдлэл, Аж үйлдвэрийн шилдгээр Хатгал тосгоны Гурван-Эрдэнэ бүлэг, гутал үйлдвэр, Цагаан-Үүр сумын иргэн М.Номин-Эрдэнийн ажлын хувцас, Ренчинлхүмбэ сумын иргэн Ш.Бадамдоржийн арьс суран эдлэл, Газар тариалангийн шилдгээр Эрдэнэбулган сумын "Эгийн ундарга" ХХК арвайн гурил үйлдвэрлэл, Тариалан сумын иргэн н.Баатарын монгол саримс бүтээгдэхүүн тус тус шалгарлаа.

Мөн шилдэг технологитой байгууллагаар Тариалан сумын "Алтан дуулга" ХХК, шилдэг хоршоогоор Тосонцэнгэл сумын Тосон сүүн цацал хоршоо, шилдэг сав баглаа боодолтой байгууллагаар Мөрөн сумын "Долоон догол" ХХК, зохион байгуулалт сайтай сумаар Төмөрбулаг сум тодорсон ажээ.

 

Холбоотой мэдээ