Элэгний өвчлөл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-10 17:42:48

Хэнтий /МОНЦАМЭ/ “Элэг бүтэн Хэнтийчүүд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын дунд элэгний шалтгаант нас баралт буурсан талаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Тодруулбал, элэгний шалтгаант нас баралт 2017 онд 6.5 промиль байсан бол 2018 онд 6.3 промиль болж 0.2 промилиор буурсан үзүүлэлт гарчээ. Түүнчлэн Хэнтий аймаг эрт илрүүлэгт иргэдээ хамруулах байдлаар улсын хэмжээнд дээгүүрт орсон байна.

Тус аймгийн хэмжээнд В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд 28896 хүнийг хамруулж, элэгний С вирусийн халдварын 3108, В вирусийн халдварын 2674, хавсарсан вирусийн халдварын 286 тохиолдлыг илрүүлжээ. Энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааг орон нутгийн зүгээс дэмжиж, 2017 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын гурван өрхийн ЭМТ-д 17,5 сая төгрөгийн оношилгоо, шинжилгээний аппарат авч өгчээ. Мөн 2018 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт 50 сая төгрөгийн 4D ЭХО аппарат, өрх, сумын гурван ЭМБ-ыг 30 сая төгрөгийн мобайл технологиор тус тус хангасан байна.

Харин Баян-Адарга, Батширээт, Мөрөн сумууд ОНХС болон сум хөгжүүлэх сангаас 2018 онд нийт 38,5 сая төгрөгийн био-анализатор буюу эрт илрүүлгийн оношилгооны багаж төхөөрөмжөөр сумын ЭМТ-өө хангасан байна.

Холбоотой мэдээ