Улсын хилээр 400 сая төгрөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2019-10-10 16:40:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буянт-Ухаа дахь Гаалийн газраас мэдээлснээр ОХУ-ын иргэн Г.В улсын хилээр их хэмжээний бэлэн мөнгө гаргахыг завдсан хэргийг илрүүлээд байна.

Тодруулбал, Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар өнгөрсөн шөнө нэвтэрсэн дээрх иргэний гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. Тэрээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд 150 мянган ам.доллар буюу 400 сая төгрөг бэлнээр авч явжээ.

Г.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй бөгөөд түүнийг гаалийн мэргэжилтнүүд онилон биечлэн шалгасан байна. Шалгалтаар түүнийг Зөрчлийн тухай хууль болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна. Дээрх иргэн нь Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн тул уг валютыг хураан авч валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.
Гаалийн тухай хуулиар Монгол Улсын хилээр 5 сая төгрөгөөс дээш буюу тэнцэх хэмжээний валютыг, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 15 сая төгрөгөөс дээш болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ