Агаарын бохирдлыг бууруулахад ой мод чухал үүрэгтэй

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-10-14 10:46:52

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлажээ.

Энэ намрын мод тарих өдөр 2019 оны аравдугаар сарын 12-нд тохиолоо. Зуунмод сумын хэмжээнд энэ өдөр Зуунмод гол дагуу иргэд, олон нийт мод тарьж албан байгууллага, аж ахуй нэгжийн ажилтан, албан хаагчид байгууллагынхаа гадна  мод тарьлаа. 

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэж, газрын хөрсийг хамгаалахын сацуу дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50 хувийг,  өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэршүүлдэг ажээ.

Харин модны навч нүүрс хүчлийн хийг өөртөө шингээж, хүчилтөрөгчийг өөрөөсөө ялгаруулан байгальд эерэг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр хавар, намарт улс орон даяар мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор 2010 онд зарлиг гаргасан юм.  Энэ зарлигийн хэрэгжилтийг биелүүлэх үүднээс энэ намрын мод тарих ажил бямба гаригт тохиолоо. 

 

Холбоотой мэдээ