Өсвөр насны хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэж байгаа талаар сэрэмжүүлэг хүргэлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-15 23:07:58
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн Прокурорын газраас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна. Орхон аймгийн нутаг дэвсгэрт энэ оны эхний есөн сарын байдлаар 572 гэмт хэрэг бүртгэгдсэний 3.6 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг эзэлжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 75 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзвэл 40 хувь нь 18 хүртэлх насны, 46.6 хувь нь 18-25 насныхан эзэлж байна. Мөн 13.3 хувийг 25-аас дээш насныхан эзэлж байгаа гэсэн статистик тоо гарчээ.

 Эндээс харвал гэмт хэрэгт холбогдогчдын 86.6 хувь нь 25-аас доош насны залуус, өсвөр насны хүүхдүүд байгаа нь иргэдийн төдийгүй хуулийн байгууллагынханы анхаарлыг эрхгүй татаж байгаа аж.

Хүйсийн байдлаар нь авч үзвэл 13 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй бол тэдний 46.6 хувь буюу долоо нь бүрэн дунд, мөн тооны этгээд бүрэн бус дунд, нэг нь буюу 6.6 хувь нь тусгай дунд боловсролтой байжээ.

 Ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл 60 хувь нь эрхэлсэн тодорхой ажил сургуульгүй, 45 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байна. Дээрх хэрэгт холбогдсон таван иргэнд шүүхээс ял оногдуулж, зургаад нь ял оногдуулалгүй тэнсэж, дөрвөн шүүгдэгчид ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

 Үүний зэрэгцээ есөн шүүгдэгчид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, нэг хэрэгтэнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

Дээрх шүүгдэгчдээс хоёр нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж шүүхээс хорих ялыг тэнссэн байжээ. Тэд мансууруулах төрлийн ургамлыг дахин бэлтгэж, биедээ авч явсан, хадгалсан, бусдад шилжүүлсэн үйлдэлдээ дахин ял авсан байна.

Аймгийн Прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэрэгт өсвөр насны хүүхэд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах, тодорхой ажил зохион байгуулахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт мэдэгдэл хүргүүлсэн байна

 

 

Холбоотой мэдээ