УИХ-ын дарга Г.Занданшатар Байнгын болон Дэд хороодод үүрэг чиглэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-15 22:44:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын Байнгын болон Дэд хороодын дарга нар, УИХ-ын Тамгын газрын удирдлага, Байнгын хороодын Ажлын албаны ажилтнуудтай уулзаж үүрэг чиглэл өгөв.

Тэрбээр, “Энэ намрын чуулган ажил хэрэгч, хариуцлагатай чуулган болох ёстой. Цаана нь бүрэн эрхийн хугацааны нэг л чуулган үлдсэн. Хэлэлцэн шийдэх олон чухал асуудал биднийг хүлээж байна. Тиймээс УИХ-ын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, хууль тогтоох ажлын чанарыг сайжруулах, хянан шалгах чиг үүргээ сайн хэрэгжүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь УИХ-ын нэр хүндийг сэргээхэд чухал ач холбогдолтой. Ойрын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэж, Монгол Улсын 2020 оны төсвийг батлах нь бидний хуулиар хүлээсэн нэн чухал үүрэг болж байна. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, УИХ-ын стратеги төлөвлөгөөний төсөл бэлэн болсон. Хойшлуулалгүй хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. Түүнчлэн УИХ-ын дотоод бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна” гэж уулзалтын эхэнд тэмдэглэж хэлэв. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажилд хүчин чармайж, цаг наргүй ажиллаж буй УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Байнгын хороо тус бүр ажлаа нарийвчлан тооцож, эрэмблэх шаардлагатайг сануулаад хууль тогтоох, хянан шалгах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, нийтийн сонсгол хийх сэдэв, хуулиудын талаар үүрэг чиглэл өглөө.



Тухайлбал,


ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО: Монгол Улсын Засгийн газар болон төрийн бусад байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт ямар байгааг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор шалгаж, дүгнэлт гаргах;

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО:
Авлига, албан тушаалын болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг шинэчлэх, Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, түүнтэй тэмцэх арга замын талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах, ХЭҮК-той хамтарч хүний эрхийн тулгамдсан асуудлаар хяналт шалгалт явуулж, хэлэлцүүлэг хийх;

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО:
Сонгуулийн хууль тогтоомж болон Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүгэл үлээгч-мэдээлэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслөөр хэлэлцүүлэг, сонсгол явуулах, ОУПХ-ны Парламентын нээлттэй байдлын тунхагийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах;

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО:
Их, дээд сургуулиудыг дэлхийн жишигт хүргэх, түүх, соёлын өвийг хамгаалах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, ЕБС-ийн сурах бичгийн асуудал, инноваци, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг асуудлууд болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний тухай болон Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдээр нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол явуулах;

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО:
Агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар Ерөнхий хяналтын сонсгол хийх, ашигт малтмалын орд газрууд дахь олборлолт, ашиглалт, байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах;

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО:
Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих талаар болон Итгэлийн зээл олгох хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийх, Монгол Улс “саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх;

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО:
Төсвийн болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх;

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО:
Батлан хамгаалах багц хуулиудаар Ерөнхий хяналтын сонсгол хийх;

Ингэж нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол хийдэг арга барилд шилжсэнээр Байнгын хороодын ажил олон нийтэд нээлттэй болж, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо хангагдана гэж үзэж байгаагаа онцоллоо.

Холбоотой мэдээ