Д.Чулуунбаатарын цуглуулгад 100 гаруй монгол үндэсний тоглоом наадгай бий

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-16 12:51:53

Ховд /МОНЦАМЭ/. Улс, үндэстэн бүрт өөрийн гэсэн тоглоом наадгай, түүнийг дагасан ёс заншил бий. Монгол үндэсний тоглоом наадгайг судлах, сурталчлах, байнгын хэрэглээг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй хүмүүсийн нэг бол Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Чулуунбаатар юм.

Тэрбээр 2009 оноос эхлэн Монголын уламжлалт тоглоом наадгайг цуглуулж, судалж байна. Түүний цуглуулга, цаашдын зорилтын талаар тодрууллаа.

Иргэн Д.Чулуунбаатар нь “Өв соёл, монгол тоглоом наадгай” төвийг үүсгэн байгуулсан. Тухайн төвийг түшиглэн Монголын уламжлалт тоглоом наадгайг судлахаас гадна цаашид үйлдвэрлэл бий болгох замаар хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна гэж ярилаа.

Д.Чулуунбаатарын цуглуулгад одоогийн байдлаар урианхай ястны “Үүчүүр”, халх үндэсний “Панжига”, торгууд үндэсний “Шагайгаар цахдах”, мянгад ястны ”Таван хошуу малыг үнэлэх”, өөлд ястны “Хүлтэгжинэ”,  тува үндэсний ”Дөрт бэргээ”  зэрэг 100 гаруй тоглоом наадгай байна.

Эдгээр тоглоом наадгайг эсгий, мод, төмөр ашиглан хийсэн бөгөөд шагай, байгалийн чулуу оролцуулан тоглодог аж. 

Тухайлбал, Наран сүмбэр гэх тоглоомыг зэс, төмөр ашиглан хийжээ. Энэхүү тоглоом цагираг, шилбэ, сээр, ул, бариул гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Цагираг нь ихэвчлэн 9 эсвэл 12 байдаг.  Улмаар цагирагийг буулгах, мордуулах зарчмаар тоглодог аж. Ингэснээр нүдний хараа сайжруулах, гарын хөдөлгөөн, булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх давуу талтай гэнэ. Энэ тоглоом наадгайг  Монголчууд өргөнөөр ашиглаж байна. Харин сүүлийн үед "Буга нохой", "Тулга" гэх мэт хөлөгт тоглоом наадгайгаар  хүмүүс  тоглох нь тун ховор болжээ.  Энэ "Буга нохой" гэдэг тоглоом надад  долоон төрөл байна. Би энэ тоглоом наадгайг хүүхдүүдэд заах их дуртай. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэгээрээ онцлогтой гэж Д.Чулуунбаатар хэлэв.

Мөн  Монгол тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун санааг хөгжүүлэх, улмаар тогтвортой сууж сургах, зөв дадал зуршилтай болгох боломж бололцоо нээлттэй байна. Тийм учраас хүүхдийг шагай, хөлөгт тоглоомоор тоглож сураасай гэж би хүсдэг.  Тоглоом гэдэг бол зөвхөн хүүхдүүд л тоглоод байдаг зүйл биш, харин гэр бүлээрээ тоглох нь маш их ач холбогдолтой.

Нэгдүгээрт, эцэг эх, эмээ өвөөтэйгөө хамт тоглосноор тухайн гэр бүлийн харилцаа сайхан болдог. Хоёрдугаарт, хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй. Гуравдугаарт,  эрүүл мэндийн хувьд тоглоомд оролцогч бүрт сайн үр дүнг авчирна.

Мөн хүний гарын алганд 150 гаруй мэдрэлийн цэг байдаг. Тэр бүгдийг шагайгаар тоглон сэргээж, эрүүлжүүлэх боломжтой. Гучин минут шагайгаар тоглох нь эмнэлэгт нэг цаг дөчин минутын хугацаанд бариа засал хийлгэсэнтэй тэнцэхүйц алжаал тайлдаг гэж тэрбээр онцоллоо.

Монголчуудын соёлын үнэт өвийн нэг болох тоглоом наадгайг хүн бүр тоглож, гэр бүлдээ эрүүл мэнд, баяр хөөр нэмэхийг  хүсэж явдгаа иргэн Д.Чулуунбаатар хэлж байв.

 

Холбоотой мэдээ