УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж, “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах асуудлыг хэлэлцлээ.
Тус ТББ нь есдүгээр сарын 24-нд дээрх хүсэлтээ ирүүлжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг Дэд хорооны дарга хуралдааны үеэр хэлэв. Уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд, нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томиллоо.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүний сахилга хариуцлагын асуудлыг хэлэлцэх байсан ч холбогдох гишүүд албан томилолттой байгаа тул хойшлуулах санал гаргав. Уг асуудлыг хойшлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ.