Хилчин дайчдын 30 гаруй нь цэргийн цолоор шагнуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-17 15:20:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит ХЦ-ийн 0243-р ангид 2018 оны 2-р ээлжээр татагдан ирсэн цэрэг, дайчид ангийн түүхэнд гарч байгаагүй амжилттайгаар халагдлаа.

Тус ангид 2018 оны 2-р ээлжээр Булган, Дархан-Уул, Төв, Архангай, Улаанбаатар зэрэг газраас цэрэг, дайчид татагдан иржээ. Цэргийн хуарандаа сэтгэл хорогдон, баярын нулимстай салцгаадаг энэ өдөр халагдаж буй цэргүүд эх орныхоо дархан хилийг нэр төртэй, сайн хааснаа илэрхийлэн ангийн байлдааны тугандаа мөргөж, хүндэтгэл үзүүлдэг үйл ажиллагаанд оролцдог уламжлалтай. Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр:”Хойд нутгийн уулархаг, тайгын бүсэд оршдог отряд учраас хугацаат цэргийн алба хаагчид маань их зүйлийг сурч авсан болов уу. Тэд морь унаж сурах, хээр хонох, агт манах гээд амьдралдаа огт хийж үзээгүй зүйлээ хийж сурсан, үзсэн, суралцсан. Эдгээр дайчиддаа цаашдынх нь ажил үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе” гэлээ. 2018 оны 2-р ээлжээр алба хаасан хилчин дайчдын 30 гаруй нь цэргийн цолоор шагнуулсан нь ангийн түүхэнд гарч байгаагүй том амжилт бөгөөд энэ удаагийн хугацаат цэргийн алба хаагчдын бахархах онцлог аж.

Хил хамгаалах ариун үүргээ хуулийн хүрээнд нэр төртэй, сайн хаасан цэрэг дайчид хугацаат албаа дуусган, ижил дасал болсон анги танхим, ижилдэн нөхөрлөсөн цэргийн анд, цэргийн эрдэмд сургасан офицер, ахлагч, дарга нартаа хүндэтгэл үзүүлэн энэ сарын 14-ний өдөр ийн нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Холбоотой мэдээ