Тэнгэр уулыг тойрсон аялал жуулчлалын замыг Ховд аймагтай холбох санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-17 14:42:42

Ховд /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж аймгийн Гадаад харилцааны газрын Нарийн бичгийн дарга Шү Хуй Лин тэргүүтэй төлөөлөгчид  аравдугаар сарын 14-17-нд  Ховд аймагт ажиллалаа.

Тэд өнөөдөр аймгийн удирдах ажилтнуудтай уулзав.

Ховд болон Цонж аймаг нь анх 2005 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Энэ удаагийн уулзалтаар тус санамж бичигт тусгасан ажлын биелэлт, үр дүнгийн тухай санал солилцсон юм.

Энэ үеэр талууд хилийн боомтыг өргөтгөх, улмаар худалдааны чөлөөт бүс байгуулж, зорчигчийн тоо, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, Улиастайн боомт Булган сумын хооронд 120 км авто зам барих ажлыг эрчимжүүлэх, Тэнгэр уулыг тойрсон аялал жуулчлалын замыг Ховд аймагтай холбох замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн санал гаргав.

Мөн Ховд аймгийн удирдлага, төлөөллийг Цонж аймагт ажил хэргийн айлчлал хийхийг урьж, цаашдын хамтын ажиллагааны санамж бичигт тусгахаар урьдчилсан байдлаар боловсруулсан санал бүхий албан бичиг солилцов.

Холбоотой мэдээ