Каталонид бүх нийтийн ажил хаялт болно

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-18 12:54:12

БАРСЕЛОНА. /TASS/. Каталони мужид өнөөдөр бүх нийтийн ажил хаялт болно. Каталонид 2017 онд болсон бүх нийтийн санал асуулгатай холбоотой Испанийн Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаатай холбогдуулан хэдэн зуун мянган жагсагчид гудамжинд гарч магадгүй байна.


Энэ үеэр сургууль, цэцэрлэг, бусад байгууллагыг хаах бөгөөд эмх замбараагүй байдал үүсвэл газрууд  хаалгаа барих төлөвлөгөөтэйгээр ажиллах аж. Жагсаал цуглаан орон нутгийн цагаар 17:00 эхлэх юм байна. Өнгөрсөн удаад Барселонад болсон бүх нийтийн ажил хаялтын үеэр гудамжинд 500 мянга орчим хүн цугларчээ.


Тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулахад холбогдсон Каталонийн улс төрчдөд шийтгэл ногдуулах тухай шүүхийн шийдвэрийг Испанийн Дээд шүүх өнгөрсөн даваа гарагт гаргасан бөгөөд тэдэнд 13 хүртэлх жилээр хорих ял оноожээ. Үүний дараа Барселонад жагсаал цуглаан өрнөж эхэлсэн байна. Каталонийн Засгийн газрын орлогч дарга асан Ориол Жункераст хамгийн хүнд шийтгэл буюу 13 жил шоронд хорих ял оноожээ.


Испанийн бүрэлдэхүүнээс гарах тухай санал хураалт Каталонид 2017 оны 10 дугаар сарын 1-нд болсон юм. Испанийн эрх баригчид энэ санал асуулгыг хууль бус гэж үзэж, санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ. Мөн оны 10 дугаар сарын 27-нд Каталонийн парламент тусгаар тогтнолоо зарлан тунхаглах тухай тогтоолыг баталсан. Үүний хариуд Испанийн вант улсын засгийн газар Каталонийн өөртөө засах эрхийг нь хязгаарлах боломж олгох Үндсэн хуулийн 155-р зүйлийг хэрэгжүүлсэн юм. 

Холбоотой мэдээ