БОЭТ-д яаралтай тусламжийн машин гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-20 00:15:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь БОЭТ-д БНСУ-ын SCL группээс яаралтай тусламжийн машин гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын эмч, академич Н.Баасанжав, “Ач” анагаах ухааны их сургуулийн захирал, доктор, профессор Б.Батболд нарын урилгаар БНСУ-ын SCL группын ерөнхийлөгч И Кён Рюүл тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-19-нд  Ховд аймагт  ажиллаж байна.   

Тэд өнөөдөр Ховд аймгийн БОЭТ-д иж бүрэн тоноглосон яаралтай тусламжийн автомашин гардуулан өгч, тус байгууллагын хамт олонд ажлын амжилт  хүслээ.

Ховд аймаг дахь БОЭТ нь жилдээ 130-150 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ийнхүү түргэн тусламжийн машины  тоог  нэмэгдүүлснээр  иргэдэд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн чанар, хүртээмж өргөжих давуу талтай гэж эмч, мэргэжилтнүүд  онцоллоо.

2014 онд  аймгийн БОЭТ,  БНСУ-ын SCL групп хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн  дагуу өнгөрсөн хугацаанд орон нутгийн  дөрвөн эмч, мэргэжилтэнг  БНСУ-д сургаж  ур чадварыг  нь дээшлүүлсэн байна.

Цаашид талууд хамтын ажиллагаагаа  өргөжүүлэх  замаар  эмч, мэргэжилтэнг туршлага солилцох боломжоор хангах, эмнэлгийн зарим тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ