Х.Мөнхцогт: МСҮТ-д мэдлэгтэй, ур чадвартай, чадамжтай хүн багшилдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-20 22:19:59

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн алт шиг үнэ цэнтэй үгтэй, үлгэр шиг үүх түүх арвинтай ахмад багш нарын нэг нь Халтарын Мөнхцогт юм.  Хэнтий аймгийн Техник мэргэжлийн сургуулийн сурагчийн ширээнээс төрсөн эгэл нэгэн багш тэрбээр амьдралынхаа 39 жилийг энэ сургуультай холбож, алдрын зэрэгт хүртлээ дурсамж дурдатгалаа энэ  л сургуулиараа нэрлүүлж, цоллуулж ирсэн билээ.


-Хүний амьдралын 39 жил гэдэг дэндүү урт хугацаа. Эргээд харахад олон дурсамж хөвөрдөг байх?

-Тэгэлгүй яахав. 1973 онд энэ сургуулийнхаа Тэжээл бэлтгэл, механикжуулагчийн ангид  суралцахаар орж,  сургуультайгаа амьдрал замналаа холбож байлаа. Ингээд 1975 онд сургуулиа төгсөж, Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцсан.  Ажлын гараагаа 1979-1981 он хүртэл Дэлгэрхаан сумын Ерөнхий инженер, механикаар ажиллаж эхэлж байсан даа. Харин 1981 оноос төрөлх сургуульдаа багшаар орж, 23-хан настай шавиасаа ялгагдахгүй залуу багш ирж байсан юм.  Тэр үед надтай хамт Нарантуяа, Нямжав, Должинсүрэн, Болдхуяг гээд шижигнэсэн залуу багш нар төгсөж ирж байлаа. Шинэхэн багш байхад минь Долгорсүрэн, Пүрэвсүрэн, Лхагвасүрэн, Оюун,  Батчулуун гээд туршлагатай сайхан ахмад багш нар угтан авч, маш их зүйлийг зааж сургасан. Дээрээс нь удирдлагын ухаан, хүнтэй, хүүхэдтэй ажиллах арга барилд 39 жилийн турш сургасан  сургуулийнхаа хамт олонд маш их талархаж явдаг.

-Залуу багшид бэрхшээл олон байсан байх.  МСҮТ-ийн багш хүн ямар чадвартай байх ёстой вэ?

-МСҮТ-д  мэдлэгтэй, ур чадвартай, чадамж сайтай хүн ирж багшилдаг. Мэдлэгтэй боловсролтой хүн энд ирж, мэргэжилтэн бэлтгэнэ гэхээр гологдоод байдаг юм. Ярьдаг багш, ярьсанаа хийж чаддаг багш хоёрын хооронд мэргэжилтэн бэлтгэх ур чадварын асар том ялгаа байдаг. Мэргэжлийн сургуульд дээд зэргийн чадвартай, чадамжтай багш байхгүй бол эндээс чадвартай, чадамжтай мэргэжилтэн гарахгүй шүү дээ. Би 39 жилийн турш энэ зүйлд л анхаарч ирсэн. Залуу багш орж ирж байхад маань Батчулуун гэж ахмад багш  анхныхаа хичээлийн төлөвлөгөөг боловсруулахад тусалж  байлаа. Багшдаа их баярлаж явдаг даа. Дараа нь ангитай яаж ажиллах, ангийг хэрхэн удирдах арга барилд малын эмч Цэцэгээ гэж багш сургасан гээд ахмад багш нарын маань ач гавъяа их. Ур чадвартай хүнд мэдлэг аяндаа суудаг. Тийм учраас МСҮТ-ийн багш мэдлэгтэй, ур чадвартай, чадамж сайтай байх ёстой.

-Зах зээлийн хүнд үед энэ сургуулиа түшиж үлдсэн цөөн  багш нарын нэг нь Та. Энэ их бахархам санагдаж байна?

-Социализмын үед  Монгол Улсад 40 гаруй ТМС үйл ажиллагаа явуулдаг байлаа. Гэтэл 90 он гарч, зах зээлийн хүнд үетэй тулахад сургуулиуд хаалгаа барьсаар 24-хөн ТМС тэсэж үлдсэн байдаг юм. Энэ 24 ТМС-ийн нэг нь манай сургууль юм шүү дээ. Тухайн үед багш ажилчид амьдралын шаардлагаар сургуулиа орхин явж байсан. Харин тэр үед мэргэжилдээ, хамт олондоо, сургуульдаа  хоргодож үлдсэн цөөхөн хэдэн манаач нарын  нэг нь байсандаа бахархаж явдаг.  Энэ сургуулийг тэр хүнд үед сөхрүүлэлгүй авч явсан хамгийн гавъяатай хүн нь сургуулиа 17 жил удирдсан Амаржаргал гэж хүнийг нэрлэхэд таатай байна.  Зах зээлийн шуурганд хамт олноо үнэхээр сайн зохион байгуулж ажилласны үр дүнд өнөөдөр энэ сургууль маань Политехник коллеж болтлоо үйл ажиллагаа нь улам өргөжин тэлсээр явна.

-39 жил энэ сургуулиар овоглож явахдаа ямар ямар алба хашиж байв?

-Миний хувьд 1981-1986 онд багш, 1986-1990 онд сургуулийн Залуучуудын хорооны нарийн бичгийн дарга, 1990-1993 онд Хичээлийн эрхлэгч, 1993-2000 онд Үйлдвэр, сургалт хариуцсан дэд захирал, 2000-2004 онд багш, 2004 оноос өдгөөг хүртэл Захиргаа аж ахуйн албаны менежерийн алба хашиж явлаа. Одоо ингээд гавъяаны амралтдаа гарна гэхэд итгэмээргүй ч юм шиг, эргээд харахад 39 жилийн зүтгэл минь бахадмаар ч юм шиг санагдаж байна даа.

-Сэтгэлээ шингээж, зүтгэлээрээ урласан он жилүүдийн хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлж байв?

-Бишгүй сайхан үнэлүүлж явлаа. Боловсролын тэргүүний ажилтан, Гэгээрлийн яамны жуух, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Төрийн дээд Алтангадас одон гээд надад бахархах шагнал олон. Гэхдээ хамгийн том шагнал минь 39 жилийн туршид энэ л сургуулиас төрөн гарсан зуу зуун мэргэжилтнүүд минь юм даа. Салбар бүхэнд үе үеэрээ ажиллаж, хөдөлмөрлөж яваа шавь нараа харах сэтгэлд цаанаа л дотно байдаг юм.  

-Ахмад багшийн хувьд залуу багш нарт юуг онцолж хэлэх вэ?

-Одоогийн залуу багш нар ур чадвартай, чансаа өндөртэй байх ёстой. Ийм багшаас ур чадвартай, чадамж өндөртэй баялаг бүтээгч бэлтгэгдэн гарна. Үүнийг сайн санаж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Багш мэргэжил зүгээр л нэг хийсэн болоод яваад байвал зэвэрчихдэг, үнэ цэнгүй болчихдог мэргэжил юм. Хүүхдэд зааж байгаа зүйлээ өөрөө чаддаг байх нь л багш хүний хамгийн том чадвар юм даа. Тиймээс залуу багш нараа мэдлэгээс гадна чадвар, чадамжийг чухалчлан суралцаасай гэж хүсье.

-Баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Холбоотой мэдээ