Өвөрхангайд гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэг боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-20 21:52:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын даргын тушаалын дагуу Өвөрхангай аймгийн 10 суманд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэг”-ийг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн 5 хоногийн турш зохион байгууллаа.

Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Сант, Нарийнтээл, Есөнзүйл, Нарийнтээл сумын Баянтээг багт Онцгой комисс, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, болзошгүй аюулт үзэгдэл, осол гэмтлийн үед ажиллах томилгоот бүрэлдэхүүн, техникийн бэлэн байдалтай газар дээр нь танилцжээ.

Үзлэгээр Хархорин, Хужирт, Бат-Өлзий сум хангалтгүй түвшинд үнэлэгдсэн бөгөөд эдгээр суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг дахин зохион байгуулж, хариуцлага тооцож ажиллахыг аймгийн Онцгой комиссын даргад үүрэг болголоо.

“Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”–т гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийт бие бүрэлдэхүүн хамрагдах бөгөөд тэд хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл, хувцасны жигдрэлт, хүн нэг бүр үүргэвчтэй байх, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулсан байх ёстой аж. Мөн харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангаж тогтоосон дохиогоор ажиллах, галын аюулгүй байдлыг хангах зэрэг бэлэн байдлыг шалгаад байна.

 

Холбоотой мэдээ