Ард түмний хандиваар анхны хиймэл дагуулыг хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-04-13 13:54:31

НИЖЕГОРОДСКИЙ. /innov/. Монгол Улс ирэх онд Японы зөөгч пуужингийн тусламжтайгаар анхны хиймэл дагуулаа тойрог замд оруулахаар төлөвлөж байна.

Дээрх төслийг Японы технологийн “Кюшү” их сургуулийн санаачилгаар «BIRDS» төслийн хүрээнд боловсруулж байгаа аж. Хиймэл дагуул хөөргөх төсөлд Японы их дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнууд идэвхтэй оролцож байгаа юм.

Монголын хиймэл дагуул нь 400 км-ийн өндрөөс обьектуудын зургийг авахаас гадна радио долгион цацаж, мөн агаарын мандал болон сансрын туяаны нягтралыг тодорхойлно.

Төслийн өртөг 225 мянган доллар болох бөгөөд үүний ихэнхийг нь буюу 125 мянган долларыг Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг гаргаж байгаа аж. Уг хөрөнгө мөнгийг газрын станц байгуулахад зарцуулах бол үлдсэн мөнгийг Монголын тал гаргах ёстой. Үлдсэн санхүүжилтийн тал хувийг буюу 50 мянган долларыг Монгол Улсын Их сургууль гаргахаар болсон бол бусдыг нь  хандив хэлбэрээр цуглуулахаар төлөвлөжээ. Одоогоор хандивын тусгай данс нээсэн байна. Энэ дансанд аль ч орны иргэд хандивын мөнгөө шилжүүлэх боломжтой.

Д.Жаргал

.

.

Холбоотой мэдээ