Тайвань дахь Монголын онцлох бичгийн өв дурсгалууд

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2019-10-26 14:42:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Монголчууд бичиг соёлын асар их түүх, баялаг зузаан намтартай. Хэдэн зууны тэртээгээс хот балгадын суурин дээр сийлсэн үсэгнээс гадна, булшны чулууны бичиг, хаад хатадын захидал, судар ном, элч нарын үгс гээд цааш хөврөнө. Энэ их өвийг бүгдийг нээж цуглуулна гэдэг бүтэшгүй. Харин чадахын хирээр олж мэдэж, нээн илрүүлэх нь нэн түрүүнд тавигдах асуудал. Тэр ялангуяа Тайвань улс бол монгол судлалын хувьд маш их зүйлтэй, чухал газар гэдгийг онцлон тэмдэглүүштэй юм.


1933 онд 13 мянган хайрцаг түүх соёлын дурсгалт зүйлсийг галт тэргээр Шанхай руу ачсанаас хойш Хунань, Сычуань мужуудад байж байгаад 1947 онд Нанжинд ирсэн гэдэг. Улмаар цаг төрийн үймээн самуунаас болоод 3 мянган хайрцаг эд өлгийн зүйлс усан онгоцоор тээвэрлэгдэн Тайваны аралд очсон удаатай”. Үүнийг орчуулагч О.Жаргалсайхан “Соёлын стратеги ба Монгол Улс” нийтлэлдээ дурдсан байдаг. Тэр 3 мянган хайрцагт Монголын үүх түүхтэй хамаарагдах бичгийн болон материаллаг эд зүйлс олон байсан нь мэдээж.


Мөнхүү “Тайванийн Үндэсний хааны ордон музейд хадгалагдаж байгаа Монголын  түүхтэй холбоотой, тэр дундаа Юань гүрэнтэй холбогдох бичгийн болон эд өлгийн дурсгал олон бий. Одоогоор статистик тоо гараагүй ч Монголын судлаачидтай хамтран  нэгдсэн тоо баримт гаргана. Энэ музейд Чингис, Хубилай хааны эх хөрөг, бусад хаадын хөрөг зураг, Юань гүрний түүхэн дурсгалууд ч хадгалагддаг” хэмээн Тайванийн Хааны ордон музейн дарга Лэ Жөэ Ий ярьж байв.


Тус ордон музей нь улс гүрний эртний түүх дурсгалтай холбоотой томоохон үзэсгэлэнгүүд дотооддоо болон гадаадын улс оронд тогтмол гаргадаг. Тэр бүхэнд монголын түүх, бичгийн соёл цуг дагалдаж явдаг билээ. Жишээ нь гэхэд 1998 онд Франц улсад “Эзэнт гүрний дурсгалууд”, 2003 онд Германд “Тэнгэрийн хөвгүүдийн эрдэнэс”, 2008 онд Германд “Хаадын эрдэнэс”, 2014 онд Японд “Хааны ордны эрдэнэсийн өв” зэрэг хэдэн арваар тоологдох үзэсгэлэнгийн нэрс цааш үргэлжилнэ. Зөвхөн монголтой холбоотой өв дурсгалуудаар АНУ-д “Хубилай хааны эрин үе”, Германы Мюнхен хотод “Монголын Эзэнт Гүрэн – Чингис хаан ба түүний залгамжлагчид” нэртэй үзэсгэлэнгүүд гаргаж байжээ. Тиймээс ч хоёр улс хоорондоо өв соёлын нягт холбоотой байсаар ирсэн.


Тайванийн музейд Монголын ноёрхлын цаг үед холбогдох үзмэрүүд онцгой байр суурь эзэлнэ. Басхүү хоёр мянганы тэртээгээс өнөөг хүртэлх урт цаг хугацааг хамарсан нийт 700 мянга орчим өв дурсгал хадгалагдаж буй гэх тоог гаргасан бөгөөд тэдгээрийн ердөө 1800 –гаад орчмыг нь нийтэд дэлгэн үзүүлсэн байдаг. Үүн дотор Чингис, Өгөдэй, Хубилай тэргүүт Монголын хаад хатдын эш хөрөг 25 ширхэг, Тогоонтөмөр, Содбал хаан, Сэнгэ-Рагиги гүнжийн хувийн цуглуулгууд, “Юань улсын бүгд хууль”, “Монгол Татарын бүрэн тэмдэглэл”, “Эрдэнийн эрих”, “Монголын нууц товчоо”, “Юань улсын нэрт түшмэдийн цадиг” зэрэг түүхэн өв дурсгалуудын үнэтэй, ховор нандин зүйлс олон бий. Түүнчлэн хожмын төрт улсуудын үед хамаарах өв дурсгал ч цөөнгүй.


II.




Тайвань дахь Монголын онцлох өв соёлын нэг нь Юань гүрний Алтан ургийн гүнж Сэнгэ-Рагигийн хувийн цуглуулгын эд зүйлс байдаг. Үүн дотор хаад хатдын эш хөрөг, бичгийн өв, оёмол хатгалмын зүйлс болон түүхэн үйл явдлыг харуулсан уран зургийн хосгүй бүтээлүүд орно.


Үүн дотор “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх зураг бий бөгөөд Тайванийн Төрийн эрдэнэ хэмээн үнэлэгдэж, хосгүй өвийн санд хадгалагддаг. Судар номд тэмдэглэснийг үзвэл уг зургийг 1280 онд Хубилай хааны зарлигаар ордны зураач Лю Гуандао зуржээ. Торгон дээр бүтээсэн уг зургийн өргөн 104.1 см, өндөр нь 182.9 см хэмжээтэй. Зургийг аль ч талаас авч үзсэн 740 шахам жилийн тэртээх монгол судлал, угсаатны зүйн томоохон ач холбогдолтой нь тодорхой харагддаг.


Мөн түүчлэн Төргэрэлт хааны 1847 оны үед Линь Шы Яний номын хүрээний хадгаламжинд байсан “Монголын нууц товчоог” онцлон дурдууштай. Бидний одоогийн мэдэж буй нууц товчоо нь хятад хэл рүү орчуулсан хувилбар бөгөөд улаан өнгийн дардас, ханз үзсгийн тэмдэглэл сударт дүүрэн байдаг. Уг номд Чингис хаанаас өмнөх 22 үеийн өвөг дээдсээс эхлэн 1240 он хүртэлх түүхийг бичсэн байдаг бөгөөд монгол овог аймгуудын тухай монгол бичиг үсгээр бичсэн хамгийн анхны түүхэн эх сурвалж гэж үздэг. Дашрамд өгүүлэхэд Юань улсын Тайзу Чингис, Тайзун Өгөдэй хааны төр барьсан үйлсийг бичиж тэмдэглэсэн нэгдүгээр эх сурвалж учир монголчуудын хувьд машид үнэтэй бичгийн өв болох нь гарцаагүй.




Ерөөс Тайваньд хадгалагдаж буй Монголын түүхэн ач холбогдолтой соёлын өвийн үнэт зүйлүүдийн ихэнх хувийг бичгийн өв эзэлнэ. Мэдээж энэ тухайн үндэстний оршин тогтнохуйн гол хүчин зүйл бөгөөд, үндэстний ой санамжтай салшгүй холбоотой.


Тэдгээр олон бичгийн үнэт өвүүдийн нэг бол яах аргагүй “Монгол Татарын бүрэн тэмдэглэл”. Уг судрыг Юань улсын Мөн Хун зохиосон ба Мин улсын Юньжяньлү овогтын Яньшань номын хүрээнд хэвлэсэн байна. Сударт Чингис хааны үед өөрийн үзэж харсан зүйлсийг нийт 135 зүйл тэмдэглэл болгон бичсэн ба үүн дотор улс байгуулсан тухай, татарын уг гарал, улсын цол, ван гүн, тайж ноёд, цэргийн жанудын гавьяат үйлс, дайн тулаан зэрэг олон үйл хэргийг багтаасан нь бий. Үүнээс гадна сайд түшмэдийг томилсон хийгээд халсан тухай, дайчдын хөө хуяг, зэр зэвсэг, тайлга тахилга, дуу хуур, бүжиг наадам хүртэл багтжээ.


Монголчууд өөрсдийн гэсэн идээ ундааны өвөрмөц ёс заншилтай ард түмэн. Эртнээс нааш баримталж ирсэн олон ёс байдаг. Харин энэ тухай Юань улсын Хө Сы Хуйгийн бүтээлд тодорхой өгүүлсэн нь бий. Номд монгол үндэстний хоол хүнсний нэрс байхаас гадна Хубилай Сэцэн хааны үеэс эхлэн Заяат хаан хүртэлх монгол хаадын өдөр тутмын зоогийг данслан тэмдэглэж, урт удааны хугацааны турш ажиглан шинжилж бичсэн байдаг.




Дараагийн заавал онцлох ёстой бичгийн нэг өв бол “Уран бичлэгийн түүхэн” тэмдэглэл юм. Уг ном нь эртнээс нааш Юань улсын үе хүртэлх 450 уран бичлэгтний товч намтрыг багтааж, уран бичлэгийн онол аргазүйг тэмдэглэсэн түүхийн эх сурвалжаар баялаг. Түүнчлэн номд Пагва лам 43 үсэгтэй дөрвөлжин бичгийг зохион улсын бичиг болгосон тухай тэмдэглэсэн нь бий. Мөн энэхүү сударын хуудас дөрвөлжин бичигтэй учир Монголын бичгийн соёлд нэн их хамааралтай болох нь тодорхой.


III.


Тайвань дахь Монголчуудын өв соёлын өөр нэгэн онцлох зүйл бол чулууны бичиг. Мэдээж энэ нь он цагийн хувьд судар ном, торгон зургуудаас ч өмнө байсныг хүн бүхэн мэднэ. Чулууны бичиг нь өвөг дээдэс, үүх түүхээ танин мэдэхэд хамгийн чухал, бас дөт зам. Хэдэн мянгаар хэмжигдэх цаг хугацаа ч элээж үл чадсан тэдгээр бичиг бүхий чулуун хөшөөнүүд ихээр олдсон байдаг бөгөөд Тайванийн музейд ч бас чулуун бичгийн цөөнгүй, чухал өв бий.


Юань улсын үеийн улсын багшийн зарлиг бүхий нэгэн хөшөө бий. Тус хөшөөг 1341 онд Шаньдун мужийн Чанчин гэх газар босгосон бөгөөд хөшөөний дармал хувь нь музейд хадгалагддаг. Уг бичиг хоёр хэсгээс бүрдэх ба дээд хэсгийг төвд, доод хэсгийг нь хятадаар бичжээ. Бичээсийн төсгөлд “Могой жилийн 3 сарын 23 –ны өдөр Гаолян голын Да Хугуо Рэньван сүмд” бичив гэсэн өгүүлбэр бий. Тус гол Даду хотын баруун хэсэгт байдаг бөгөөд зарим эрдэмтэд могой жил бол Юань улсын сүүлийн хаан Тогоонтөмөрийн анхдугаар он гэж үздэг.




Мөнхүү Дамаошань уулыг “Тэнгэрийг төвхнүүлсэн их богд” хэмээн өргөмжилсөн Хубилай хааны зарлиг бүхий бичээст хөшөө одоо болтол хадгалагдан үлджээ. Зарим нь үсэг нь үл харагдахуйц бүдгэрсэн ч судлаачид бүрэн тайлж уншсан байдаг. Энэ дундаас бидэнд хамгийн их дөхөм, монголын бичиг соёлын өв нэн хамааралтай нь дөрвөлжин үсгээр бичсэн жуух бичиг бүхий хөшөө юм. Жуух бичиг нь улс гүрний хоорондоо харилцахдаа ашигладаг төрийн бичиг баримт байсныг дурдууштай.




Монголын хаадууд очсон газар бүртээ дайн самуун өдөөж, харгислал үйлдэж байгаагүй гэдгийг олон баримтаар нотолж болно. Тэд тухайн үндэстний цэцэн мэргидийг хүндэтгэж, ёс уламжлалыг дээдэлдэг байсан. Юань улсын үед гэхэд л Күнз богдыг өргөмжилсөн зарлиг гаргасан байдаг нь үүнийг нотолно. Тэрхүү бичээст хөшөөг 1294 дүгээр онд Жөжянгийн Жаошин гэх газар Төмөр хааны зарлигаар босгосон байдаг.


Хүн төрөлхтөн олон асуулттай цаг ямагт тулгарсаар ирсэн. Бид хэн байснаас хэн болсоор өнөөгийн зуунтай золгосон бэ? Ямар ахуй соёл, аж төрөх ёстой байсан юм? Ямар соёл иргэншилтэй болж хөгжсөн, тэр нь нүүдэлчдийн болоод цаашилбал хүн төрөлхтөн, дэлхийн хөгжилд ямар үр нөлөө үзүүлсэн бэ? гэх мэтээр асуулт үргэлжилдэг. Тиймээс ч бид үүх түүхээ танин мэдэх, тодруулан судлах шаардлагатай болно. Үүнд байлдан дагуулалтынхаа эрин зуунд бүтээн байгуулсан хот балгад, бичгийн олон судар номуудаас гадна ахуйн хэрэглэл ч багтдаг. Түүхэн өв дурсгал гэдэг бол тухайн үндэстний “ой санамж” мөн билээ.

 

Холбоотой мэдээ