Тавин жил тариан талбайдаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-22 23:36:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Хурх нутгаар овоглох болсон Улсын аварга механикжуулагч Санжаагийн Загдаа энэ жил 49 дэх намраа ургацын талбайдаа угтаж үдлээ.


Хавь ойрын тариаланчид “Загдаа багш” гэж хүндлэх тэрбээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул агаад Төв, Сэлэнгэ аймгаар дамжин 18-хан насандаа Ерөөгийн сангийн аж ахуйн тариан талбайд ажиллаж тавхан жилийн дараа буюу 23 насандаа Улсын аваргын болзол хангаж байжээ. Үүнээс хойш идэр залуухан 32 насандаа 1982 онд шинэ тутам байгуулагдсан Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд бригадынхаа 20 залууг дагуулаад ирсэн байна. Залуу насны дэврүүхэн сэтгэлээр тэр үед Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргад захидал бичиж атрын шинэ сангийн аж ахуйд бригадаараа очиж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн нь ийн дэмжигджээ. Ингэж түүний Хурх нутагт ажиллаж амьдрах түүх эхэлж өдгөө 37 намрыг Хурхын шар талын тариан талбайдаа инээмсэглэн угтаж хуучилж суугаа нь энэ.

Атрын 60 жилийн 50 жилийг Загдаа аварга ийн тариан талбайд өнгөрүүлж залуу хойч үетэйгээ хамт тариа хурааж, техник хэрэгслээ засч сэлбэн гялалзаж яваа нь бахархалтай сайхан байна. Зах зээлийн хувьчлал явагдахад Загдаа аварга тариан талбайгаасаа мэдээж холдсонгүй. Хурхад шинэ тутам байгуулагдах газар тариалангийн компаниудад ажилласаар байгаагаа аварга маань “цуг л зарагдаад явж байна” гэж хошигносон юм.

Тээр жил “Алтан Хурх” компанийн сүүлийн үеийн шинэхэн ногоон комбайн бариад алтан шаргал тариан тэнгист хөвж явсан Загдаа аварга өдгөө “Про-Агро” компанийн механикчаар ажиллаж байна. Олон жил газар тариаланд ажилласны хүчинд Хурхдаа 100 га газар эзэмших эрхтэй болж, хоёр хүүгээ тарианы ажилд сургахаар шийджээ. Тэгэхээр Загдаа аварга гайгүй танагтай дээрээ хүүхдүүддээ хань бараа болж ажлыг нь эхлүүлээд өгөх зориг эрмэлзэл дүүрэн ажгуу.

Ийнхүү 18 настайдаа өөрөө тариалангийн ажилд шамдан сурч байсан аварга маань бригадынхаа залуусыг ажил амьдралд хөлөө олоход нь тусалж дэмжин чиглүүлж ажилласаар өдгөө өөрийн хүүхдүүдээ үе дамжин тариаланч болох амьдралын харгуйд нь хөтлөн дагуулах нь ээ. 

Холбоотой мэдээ