В.Путин, Т.Эрдоган нар Сирийн асуудлаар зөвшилцөлд хүрчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-23 08:47:25

СОЧИ. /RIA Novosti/. Москва болон Анкара Сирийн хойд нутгийн асуудлаар хэд хэдэн тохиролцоонд хүрлээ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн удирдагч Режеп Тайип Эрдогантай зургаан цаг гаруй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.


Хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцэн тогтсон шийдвэрүүдийг Оросын удирдагч “хувь заяаг шийдсэн маш чухал шийдвэр” гэж нэрлэжээ. “Эдгээр шийдвэр нь өдгөө Сири-Туркийн хил дээр үүссэн нэлээд хурцадмал байдлыг шийдэх боломж олгоно” гэж В.Путин хэлсэн байна.


ОХУ, Туркийн хооронд байгуулсан санамж бичгийг хоёр орны Гадаад хэргийн сайд нар уншиж танилцуулжээ.


Санамж бичигт дурдсанаар, хоёр улсын Ерөнхийлөгч нар Сирийн эв нэгдэл, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын зэрэгцээ Туркийн үндэсний аюулгүй байдлыг хангана гэдгээ нотолж, Аданы гэрээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.


Түүнчлэн Телль-Абъяд, Рас-эль-Айн хотуудын хооронд 32 км-ын гүн хүртэл “Энх тайвны эх булаг” ажиллагааг явуулж байгаа газар нутагт одоогийн байгаа статус-квотыг хэвээр хадгалахаар тохиролцжээ.


Үүнээс гадна, лхагва гарагийн үдээс хойш Сирийн цэргүүд болон Оросын цэргийн цагдаа нарыг Туркийн явуулж буй ажиллагаанаас гадна орших бүсэд нэвтрүүлэхээр тохиролцжээ. Тэд Курдийн чөлөөлөх хүчний анги нэгтгэлүүд, зэвсгүүдийг хилээс 30 км зайд гаргах ажиллагаанд оролцох бөгөөд энэ ажиллагааг 150 цагийн дотор дуусгах ёстой байна.  Үүний дараа хилээс баруун зүгт  болон “Энх тайвны эх булаг” ажиллагааны бүсээс зүүн зүгт 10 км-ын гүнд Камышлы хотоос гадна Орос, Турк хамтарсан эргүүл хийж эхэлнэ. Санамж бичигт заасны дагуу Курдийн цэргийн анги нэгтгэлүүд Манбиж болон Телль-Рифатаас гарна.


Санамж бичигт мөн Москва болон Анкара террористуудыг Сири-Туркийн хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, дүрвэгсдийг аюулгүй, сайн дураараа нутаг буцахад дэмжлэг үзүүлнэ гэж заажээ. Түүнчлэн хоёр улс энэхүү санамж бичгийн хэрэгжилтэд хяналт тавих хамтарсан механизм байгуулахаар тохиролцсон байна.


Баримт бичгийн төгсөлд хоёр тал хоёул Астанагийн үйл явцын хүрээнд Сирийн мөргөлдөөнийг улс төрийн арга замаар шийдвэрлэх арга замыг хайх ажлаа үргэлжлүүлэхийн сацуу Үндсэн хуулийн хорооны үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ цохон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ