БНХАУ-ын эрх баригчид Хонконгийн тэргүүнийг огцруулахаар төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-23 11:16:55

ЛОНДОН. /Financial Times/. Хятадын Засгийн газар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламыг огцруулахаар төлөвлөж байгаа тухай эх сурвалжуудын мэдэгдсэнийг “Financial Times” сонин иш татан мэдээлжээ.


Энэ шийдвэрийг БНХАУ-ын дарга Си Жиньпин сайшаавал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын жил тутмын чуулганы үеэр буюу 3 дугаар сар гэхэд Хонконгийн засаг захиргааны түр тэргүүнийг томилох бөгөөд түр тэргүүн нь 2022 онд Ламын бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл тус албан тушаалыг хаших аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, засаг захиргааны тэргүүний үүргийг түр гүйцэтгэгчийн албан тушаалыг горилогч гол хүмүүсийн дунд Хонконгийн Төв банкны тэргүүн асан Норман Чан, Хонконгийн Засгийн газрын тэргүүн сайд асан Генри Тан нар багтаж байна.


Засаг захиргааны  тэргүүнийг огцруулах тухай шийдвэрийг эцэслэн гаргахын өмнө Хонконгт нөхцөл байдал тогтворжихыг Хятадын эрх баригчид хүлээх бодолтой байгааг “Financial Times” сонин цохон тэмдэглэжээ. Энэ талаар Кэрри Ламын төлөөлөгчид болон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал эрхэлсэн газар албан ёсны тайлбар өгөөгүй байна.  

Холбоотой мэдээ