Аж ахуйн зориулалтаар газраа ашиглавал өмчлөх эрхээсээ татгалздаг

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-10-23 18:43:37

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 онд анх УИХ баталжээ. Түүнээс хойш 16 жил өнгөрсөн байна. Энэ хооронд уг хуулийг гурван удаа сунгажээ. Хамгийн сүүлд 2018 онд 10 жилийн хугацаатай сунгасан билээ. Одоо 2028 он хүртэл иргэд хуулийн дагуу газар өмчилнө. Иргэнд газар өмчлүүлэх хууль хэрэгжиж эхэлсэн 2003 онд  өрхийн гишүүдэд газар (2008 он хүртэлөмчлүүлсэн юм. Тухайн өрх хэдэн ам бүлтэй байна, тэд бүгд газрын гэрчилгээн дээр нэрээ бичүүлж байв.  

 

Хууль иргэнд газар өмчлөх болж 2008 онд өөрчлөгдсөн. Түүнээс хойш иргэдэд эзэмшил газрыг нь өмчлүүлэхийн зэрэгцээ гэр бүлээрээ өмчилсөн газрынх нь гэрчилгээг нэг хүнийх  нь нэр дээр үлдээн бусдыг нь чөлөөлөх ажлыг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба (ГЗБА) давхар хийж эхэлжээ. Энэ ажил одоо ч дуусаагүй байна. Гэр бүлээрээ газар өмчилсөн газрын гэрчилгээнээс нэрээ хасуулахгүй байх нь хувь хүнд маш их хохиролтой байдаг юм байна. Амьдрал баян болохоор нэг гэрт, нэг хашаанд байсан ч өрх тусгаарлан салж нүүх, шинэ нутагт буух тохиодол гардаг аж. Шинэ газар аваад буусан нөхцөлд түүнийгээ өмчлөх болоход, хуучнаасаа нэрээ хасуулаагүй тул газар өмчилсөн гэдэг лавлагаа Нийслэлийн газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-ны мэдээллийн сангаас гарна. Энэ нь Монгол Улсын иргэн нэг удаа (нийслэлд 0,07 га газар үнэгүй хувьчилж авах боломжийг хязгаарладаг муу талтай.  

 

 

НГЗБА-нд хууль өөрчлөгдсөн (2008 он)-өөс хойш 25 мянга 775 иргэн албан ёсоор хандан гэр бүлээрээ өмчилсөн газрын гэрчилгээнээсээ бусад хүнийхээ нэрийг хасуулж өөрийнхөө нэр дээр болгожээ. Энэ үйл ажиллагааны үр дүнд  74 мянга 624 иргэнд үнэ төлбөргүй нэг удаа  газар өмчлөх эрх үүсчээ. Ер нь нийслэлийн хэмжээнд 199 мянга 196 иргэн газар өмчилсөн гэж НГЗБА-аас мэдээллээ. Нийслэл нэг сая 444 мянга 669 хүн амтай гэж нийслэлийн статистикын газрын мэдээлийн санд тэмдэглэжээ. Газар өмчилсөн иргэдийн тоог нийслэлийн нийт хүн амтай харьцуулахад тун өчүүхэн хэсэг нь газрын эзэн болжээ.

 

Улаанбаатар хотын иргэдэд нэг давуу тал бий. Тухайн иргэн нийслэлд газар өмчлөөгүй тохиолдолд Монгол Улсын 21 аймаг 330 сумын хаана ч өрхийн хэрэгцээний газар өмчлөх боломжтой. Харин хөдөө амьдарч байгаа иргэн нийслэлд газар өмчлөх боломжгүй. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт иргэнд өмчлүүлэх газар хязгаарлагдмал байдагтай холбоотой юм байна. Нийслэлийн иргэн орон нутагт газар өмчлөх болсон нөхцөлд НГЗБА-аас тодорхойлолт авдаг аж.  



Нийслэлийн хувьд, 2018 онд Засгийн газраар батлуулсан төлөвлөгөөнийхөө дагуу 4200 иргэнд газар өмчлүүлжээ. Харин 2019 онд дөрвөн мянга 911 иргэнд 237,2 га газар өмчлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Дээрх тооны иргэдээс одоогийн байдал (10-р сарын 15)-аар мянга 824 иргэн газар өмчилж авсан байна. Яг одоо НГЗБА иргэн танд өмчлүүлэх газрын 2020 оны төлөвлөгөөнд санал авч байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийг эрчимжүүлэх,  газар өмчлүүлэх төлөвлөгөөнд санал авах зорилгоор нийслэл, дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд хороодод нэг сарын хугацаатай ажиллаж байгаа юм билээ.  



Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн 2003 оноос хойш авч үзэхэд хуулийн хугацаа сунгасан 2008, 2013, 2018 онуудад нийслэл, дүүргийн ГЗБА-ны ажлын ачаалал эрс нэмэгддэг байна. Ажил хариуцсан хүмүүс "хууль сунгагдана, газар өмчлөл үргэлжилнэ" гэж хэлдэг боловч ажлын ачаалал буурахгүй байсан байна. Тэгээд газар өмчлүүлэх ажил гурван сар (90 хоногүргэлжилдэг өөрийн онцлогтой. Эзэмшлийн газрыг нь иргэнд өмчлүүлэхэд тухайн газрын гарц, орцтой тусгай эзэмшлийн бүс мөн биш гээд олон зүйлийг харгалзан үздэг чимхлүүр ажил байдаг гэж НГЗБА-ны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн ярьж байна.

 

 

Газар өмчилсний дараа, өмчлөлөөсөө татгалзах тохиолдол гардаг байна. Гэр бүлийн хэрэгцээн (өрх)-д өмчилсөн газрыг аж ахуйн зориулалтаар ашиглавал өмчлөх эрхээсээ татгалзаж эзэмшилд шилжүүлдэг хуулийн зохицуулалттай. Ийм байдлаар нийслэлд одоогийн байдал  (2019-10-15)-аар 75 иргэн газар өмчлөх эрхээсээ татгалзаж гэр бүлийн хэрэгцээний газраа аж ахуйн зориулалтаар эзэмших болжээ. Ингэж өмчлөх эрхээсээ татгалзсан тохиолдолд нэг удаа газар үнэгүй өмчлөх эрх хамт дуусгавар болдог хуультай аж. Ирэх онд газар өмчлөх хүсэлтэй иргэд 2020 оны төлөвлөгөөнд саналаа одоо тусгуулах хэрэгтэй гэж газрын мэргэжилтнүүд зөвлөж байна.  

Холбоотой мэдээ