Жижиг дунд үйлдвэрлэл хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-23 19:35:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов. 


Тус дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргах юм. Гаргасан санал дүгнэлтээ харьяалах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй аж. 


Дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж буй талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Я.Содбаатар танилцууллаа. Нэр дэвшигч 1990-1992 онд ОХУ, "Рыпкооп" улсын үйлдвэрийн газар, менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ. 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ. 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан байна.  



Нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ.


Мөн хуралдааны төгсгөлд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын багийн ахлагчаар Я.Содбаатар гишүүнийг томиллоо.

Холбоотой мэдээ