Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөд нь зориулсан арга хэмжээ явуулж байхыг хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 11:03:44

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн “Шонхрууд” клубээс санаачлан “Бидний оролцоо-Хөгжлийн ирээдүй” сэдэвт зорилтот бүлгүүдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд Арвайхээр сумын 11 багаас хөгжлийн бэрхшээл бүхий хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож, гарын доорх материалаар бэлэг дурсгалын зүйл хийн хайртай, дотны хүмүүстээ бэлэглэх арга ухаанд суралцсан юм. Мөн дуулж, шүлэг уншиж, авьяасаа илэрхийлсэн ба өөрсдийн тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцэн зөвлөлдлөө. Тэд олон нийтийн арга хэмжээнд оролцож чаддаггүйдээ бухимдаж явдгаа хэлж, өөрсдөд нь зориулсан ийм арга хэмжээ байнга явагдаж байвал баярлана гэдгэ илэрхийлж байв.

Мөн эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ хөгжлийн бэрхшээлтэй гэх талаас нь харалгүй аль болох авьяасыг нь нээн хөгжүүлж, үе тэнгийн хүүхдүүдтэй нь хамт байлгах, нийгэмшүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож мэдэрснээ хэлж байсан юм.

“Шонхрууд” клуб нь 2014 онд Чех улсаас зарласан төсөв хөтөлбөрт оролцон дэмжлэг авч байгуулагдсан бөгөөд жил тутамд сайн санааны үйлс бүхий арга хэмжээг санаачлан зохион байгуулдаг аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ