512.1 сая төгрөгийн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-30 15:10:26
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аудит, хяналт шалгалтыг нийт 42 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулсан байна.
Мөн байгууллагын төсөв захирагч нарт төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг таслан зогсоох, төсвийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах, ил тод байх, дотоод хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар зөвлөмж бэлтгэн хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллажээ.
Аудит, хяналт шалгалтаар 238.9 сая төгрөгийн зөрчилт үйлдэлд улсын байцаагчийн акт тогтоож, дутуу олгосон цалин хөлс, олговрыг ажилтан албан хаагчдад нөхөн олгуулах, эзэнгүй өмч хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Илэрч буй зөрчлийн 27.6% төсвийн хөрөнгийг ашиглаж, дутагдуулсан, 6.7% төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, 44.2%-ийг илүү, дутуу олгосон цалин хөлс нөхвөр, 4.1%-ийг өр авлага үндэслэлгүй хаасан, өндөр үнээр хөрөнгө бэлтгэсэн, үндсэн баримтгүй зарцуулсан төлбөр тус тус эзэлж байгаа нь төсвийн захирагч нарын санхүүгийн сахилга бат сул, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагаа бөгөөд дотоод хяналтыг байгууллагадаа зохион байгуулж ажиллаагүйтэй холбоотой гэж дүгнэжээ.
Мөн 2019 оны эхний гуравдугаар улирлын байдлаар Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-“төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6-“албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөнтэй холбоотой 13 байгууллагын 512.1 сая төгрөгийн зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр АТГ болон аймгийн Цагдаагийн газарт тус тус шилжүүлжээ.
Холбоотой мэдээ