И.Төлөөгөн: Тариалалт хийхээс өмнө цаг агаарын нөхцөл, зах зээлийн эрэлтийг судлах хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховдын тарвас, амтат гуаны брэнд бүтээгдэхүүнийг бий болгосон аймгийн тэргүүний тариаланчдын нэг бол Буянт сумын ахмад тариаланч, Монгол Улсын гавьяат механикжуулагч И.Төлөөгөн юм. Түүний газар тариалангийн салбарт зориулсан 50 жилийн уйгагүй хөдөлмөр, амжилт ололт, туршлагын талаар ярилцлаа.
-Та
хэзээнээс газар тариалангийн салбартай ажил амьдралаа холбосон бэ?
-Тэртээ 1965 онд 10 дугаар анги төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр Дарханы сангийн аж
ахуйд тракторч-комбайнч мэргэжил эзэмшсэн. 1966-1973 онд тус сангийн аж ахуйд,
1973-1992 онд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторч-комбайнчаар
ажиллаж байсан. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн 1992 оноос эхэлж хувиараа
газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн сумын нийгэм, эдийн засгийн салбарын
хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, га-гаас авах ургацын хэмжээг тогтмол нэмэгдүүлж
ирсэн. Би өдгөө 74 настай. Одоо ч Буянт сумандаа төмс, хүнсний ногоо
тарьж ургуулсаар явна.
-Та
амжилт ололтоосоо хуваалцахгүй юу?, Таныг шилмэл сортын үр үржүүлдэг гэж
сонссон...?
-Хувиараа
хөдөлмөр эрхэлсэн ч төр засаг бидний зүтгэлийг үнэлдэг. Би 1969-1970 онд
Дарханы сангийн аж ахуйн аварга комбайнч, 1971 онд Улсын аварга комбайнч, 1977
онд Улсын хошой аварга комбайнч, 2003 онд Монгол Улсын тэргүүний тариаланч, 2009
онд Монгол Улсын Гавьяат механикжуулагч зэрэг цол тэмдэг хүртсэн. Мөн 2005 онд
Ховдын тарвас, амтат гуаны брэнд бүтээгдэхүүний “Алтан гэрэгэ” шагналын эзэн
болсондоо баярлаж, бахархаж явдаг.
Би
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж, ХБНГУ-ын тариалангийн
ургамлын шилмэл сортын үр үржүүлж орон нутгийн тариаланчдыг бүрэн хангаж байсан.
Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Монгол төмс” хөтөлбөрийн албан ёсны Ховд дахь
үр үржүүлэгчээр ажиллаж байв. Сүүлийн
үед “Ховдын шар төмс” гэх нэрийн утга алдагдахад хүрч байсан ч одоо төмсний
чанар эргээд сайжирч байна. Энэ жил аймгаас нийт тариаланчдыг дэмжиж 20 тонн
гала сортын үрийн төмс олгосон нь маш үр дүнтэй ажил гэж бодож байна.
Учир
нь төмсний 10 гаруй төрлийн сорт бий. Үүнээс гала сортын үр нь хамгийн сайн
амт, чанартай юм. Ийнхүү орон нутгийн тариаланчдыг нэгэн жигд сортын үрээр хангах нь бидний
хэлж заншсанаар Ховдын шар төмс гэх утга санаа, чанарыг алдагдуулахгүй байх
давуу талтай.
-Та залуу тариаланчдад юу хэлэх вэ?
-Би
залуу үеийнхэнд үлгэрлэж
явахыг зорьдог. Би Ховд аймгаас анх удаа “Аймгийн тэргүүний тариаланч” хэмээх эрхэм цолыг
хүртэж байлаа.
Миний араас 13 хүн Аймгийн
тэргүүний тариаланч болсон.
Би залуучуудад урдаа тавьсан зорилготой бай.
Түүнийгээ биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэж зөвлөдөг.
Учир нь би
10 хүүхэдтэй. Газрын үр шим, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд
10 хүүхдийнхээ зургааг нь гадаад,
дотоодын их дээд сургуульд сургаж мэргэжилтэй болгосон. Улмаар хоёр отгон хүүгээ тариаланч
болгож, өөрийн мэдэх бүхнээ зааж сургаж явна даа.
Миний хувьд газрын үр шим, ач
тусаар өнөөдрийн
амжилтад хүрсэн. Газрын
буян гэж хязгааргүй их.
Ялангуяа
Буянт сум, Буянт гол орчмын хөрс үржил шимээр арвин. Тариаланч хүн газартайгаа байнга харьцаж,
хайрлан хамгаалах, нөхөн сэргээх ажлыг үе шаттай хийж байх нь чухал.
Манайх
жилд 4-5 га газарт тариалалт хийж, 100-150 тонн ургац хураан авч байна.
Залуустаа
захиж хэлэхэд ногооны үрээ жил бүр шинэчлэх хэрэгтэй. Тариалалт хийхээс өмнө
тэр жилийн цаг агаарын нөхцөл байдал, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг сайтар судалж
тооцоолох нь хамгийн чухал юм.
Миний
хувьд энэ онд сармис, сонгино, төмс, лууван, тарвас, амтат гуа зэрэг 10-12
төрлийн хүнсний ногооны тариалалт хийсэн.
Нэг төрлийн ногоо таривал зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалан
эрсдэл үүсэх, цаашлаад ногоо тарихад зарцуулсан өртгөө нөхөж чадахгүйд хүрнэ.
Тиймээс тариалалтын хэмжээг жил бүр тохируулах
нь зүйтэй. Нэгэн
үе бид зах
зээлийн эрэлтээс давсан их хэмжээний
төмс тарьж, улмаар 60-70
тн төмсийг үнэгүй хаясан. Дахин тэгж
болохгүй.
-Цаашид газар тариалангийн
салбарыг хөгжүүлэх гол түлхэц нь юу байх вэ?
-Сүүлийн жилүүдэд хүнсний ногооны
борлуулалт тааруу байгаа. Мөн нэг
га газраас 20-25 тн хүнсний ногоо
авахад 5-6 сая
төгрөг зарцуулдаг. Үүнээс гадна бид
хүнсний ногооны 70 орчим хувийг Улаанбаатар хот, баруун бүсийн зарим аймаг
руу тээвэрлэн
борлуулдаг. Тариаланчид энэ ажлын үр дүн, хүнсний ногооныхоо
өртгийг нөхөх
боломжгүйд хүрээд байна. Учир нь хүнсний ногооны үнэ ханш тогтворгүй буурч байна. Тиймээс газар
тариалангийн салбарыг хөгжүүлэх гол түлхэц нь тариалан эрхлэгчдийг төрийн зөв бодлого
зохицуулалтаар дэмжих явдал гэж боддог.
Суманд
нэлээд хэдэн жилийн өмнө жимс жимсгэнэ, төмс боловсруулах үйлдвэр байгуулсан. Тухайн
үед бүтээн босгосон үйлдвэр нь техник, тоног төхөөрөмжийн хувьд хоцрогдсон учраас
ашиглаагүй. Хэрэв цаг үеийн хэрэгцээнд нийцсэн, орчин үеийн үйлдвэр байгуулсан
бол Ховдын тариаланчид бид өдийд жинхэнэ
баялаг бүтээгч болох байсан гэж би бодож, эмзэглэж явдаг.
Иймд
төр засгаас томоохон бүтээн байгуулалт хийхдээ тариаланчдын нэгдсэн санал
бодлыг сонсож, тэдний жинхэнэ эрэлт хэрэгцээ, боломж, цаг үеийн байдалд
тулгуурлан ямар үйлдвэр байгуулж, баялаг бүтээгчдийг дэмжих тухайд анхаарах нь
зүйтэй.
1995 оны үед тариа тарьсан. Нэг га-гаас
30 центнер тариа хурааж байлаа. Тухайн үед Буянт суманд гурилын үйлдвэр, тариа
хураах комбайн байсан учраас тариа тарихад хүндрэлтэй зүйл байхгүй, ашигтай ч байсан.
Нэг тонн буудайнаас 600 кг гурил, 300 кг хивэг гардаг.
Гэтэл
одоо гурилын үйлдвэр, тариа хураах комбайн байхгүй болохоор бүх зүйлийг гараар
хийж эхэлсэн. Үүнд их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж байна.
Угтаа
тариа тарих ажил олон төрлийн ашигтай. Тариа тарьсан газар маш сайхан сэргэдэг,
үржил шим нь нэмэгддэг. Тэр газарт дараа жил хүнсний ногоо тарихад сайн ургана.
Тариагаа ашиглан гурил хийнэ.
Сумын
тариаланчдыг гурилын үйлдвэр, комбайнтай болгочихвол хүнсний ногооноос гадна
тариа тарьдаг болно. Тэгвэл тариаланчдын амьдрал үнэхээр сайхан дээшлэх байх.
-Хүнсний ногоо тарихад “бордоо” чухал биз дээ?
-Тиймээ маш чухал. Гадаадын
орнуудын
химийн бордоо их байна. Эдгээр
бордооны тун хэмжээг тохируулахгүй бол тарьсан ургамал түлэгдэж гэмтэх,
цаашлаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Үүнд тариаланчид бид
анхаарах хэрэгтэй. Миний хувьд тариа
тарих нь
хөрсийг сайн бордох, сэргээх арга гэж бодож байна. Бас малын
өтөг бууцаар газрыг бордож үржил шимийг дээшлүүлдэг.
-Та усыг зохистой ашиглах тал дээр залуучуудад үлгэрлэдэг.
Энэ тухайд?
-Ус чандмань эрдэнэ. Услалтын
систем бий болгох, усыг зохистой ашиглах тал дээр миний
хувьд үлгэрлэж
явсан туршлага бий.
Одоогоос найман жилийн өмнө төр засгийн шийдвэрээр 2400 га газарт услалтын
систем байгуулсан.
Үүнээс
Буянт сум дахь 117
га-гийн
услалтын сувгийг миний бие ахлан, тариалангийн талбайд усыг тодорхой хуваарийн дагуу ашиглах талаар залуучуудад зөвлөн тусалж,
мэдлэг туршлагаасаа хуваалцаж ирсэн.
-Тариаланч хүний бахархал юу
вэ?
-Газар
тариалан эрхлэгчдийн хийсэн ажил, хөдөлмөрийн үр шим хүний нүдэнд ил байдаг.
Энэ бол ямар ч авлигагүй хөдөлмөр учраас би мэргэжлээрээ бахархдаг.
Тариалалт хийхэд цаг
хугацаа, хөлс, хүч, сэтгэл зүрхээ зориулдаг учраас бидний хөдөлмөр бусдын гарын
алган дээр харагдаж буйгаараа
онцлогтой. Иймд 50 гаруй жил газар тариалангийн салбарт тууштай
хөдөлмөрлөж явна даа.
Үүнээс гадна сумын ажилгүй иргэдийг түр ажлын
байраар хангаж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур
100 гаруй өрхөд 20-30 тонн төмсний үр хандивлах замаар газар тариалан эрхлэлтийг дэмжиж
ирсэн. Мөн аймаг,
сумын тэмдэглэлт ой, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэгт дэмжлэг
үзүүлж байсан. Энэ мэтчилэн өөрийнхөө хийсэн ажлын үр шимийг бусадтай
хуваалцах нь миний нэгээхэн бахархал юм.
Бас газар тариалангийн ажил
бол хамтын хөдөлмөр. Миний эхнэр
С.Бэрэкэй 1997 онд аймгийн есөн алдартны нэг, 2007 онд аймгийн тэргүүний
тариаланч цол тэмдгээр шагнуулж байсан. Эхнэр маань тарьсан ногоо, жимс жимсгэнийг
боловсруулж жимсний чанамал хийх, савлах зэрэг өрхийн үйлдвэрлэл явуулдаг. Энэ бол бидний ажил амьдралын чухал хэсэг.
-Ярилцсанд баярлалаа. Ажил хөдөлмөрийн арвин их амжилт хүсье.