Мянган малчны чуулганаас малчдын дэвшүүлсэн саналыг хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-30 07:32:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгээс “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” малчдын анхдугаар чуулганыг энэ сарын 24-нд зохион байгуулсан юм. Энэхүү чуулганаас гаргасан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналыг дээрх нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар, Монгол Улсын гавьяат малчин О.Дорж, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр нар  УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгөв.


Монгол Улсын гавьяат малчин О.Дорж хөдөө орон нутгаар явж цуглуулсан 6484 малчны гарын үсэг, чуулганд оролцсон 1000 шахам малчны нэрийн жагсаалтыг саналд хавсаргажээ.


Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар “Ган, зуд зэрэг байгалийн бэрхшээлийг монгол малчид мэдлэг, ухаан, туршлагаараа даван туулж байна. Харин хуулийн цоорхойг ашиглаж, хурдан унаа, буу зэвсэг агссан, бүлэглэн хуйвалдсан малын хулгайчдын өмнө сөхөрч байгаа юм. Тиймээс мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах хуулийн орчныг сайжруулах шаардлагатай байгааг биднээр дамжуулан малчид маань төр, засагтаа илэрхийлж байгаа юм” гэлээ.


Монгол Улсын гавьяат малчин О.Дорж, "Малчин хүнд нэг ишиг ч үнэ цэнтэй. Тиймээс нэг хонь, нэг адуу хулгайлсан ч бай ялгаагүй, адилхан шийтгэл ногдуулах ёстой. Нөгөө талаар малын хулгайн гэмт хэргийг дахин давтан үйлдсэн хүнд хатуу шийтгэл оногдуулмаар байна. Түүнчлэн нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, тээврийн хэрэгслийг хураах зэрэг шийтгэлийг халж, хорих төрлийн ял өгдөг болбол малын хулгай багасна" гэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар малын хулгайн гэмт хэрэгт ногдуулах ял, шийтгэлийг чангатгах хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж байгааг дурдаад малчдын саналыг тусгахад анхаарна гэлээ.

Холбоотой мэдээ