Гурван суманд үлийн нүхийг цөмлөгч, утагч багаж хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-04 20:57:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэн, ядуурлыг бууруулах зорилго бүхий “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрцогт суманд нийт 23 сая төгрөгийн өртөг бүхий 60 ширхэг үлийн нүхийг цөмлөгч, утагч багажийг гардуулан өглөө.

Энэ оны дөрөвдүгээр сард Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс тус аймгийн нутагт байрших мэрэгч амьтдын тоо хэмжээ, учруулж байгаа хор хөнөөлийг тодорхойлох судалгаа хийж, энэхүү судалгаагаар тус аймгийн 12 сум (Өлзийт, Хулд, Дэлгэрхангай сумаас бусад)-ыг хамран аймгийн нийт бэлчээрийн 20,5 хувьд буюу 1,4 сая га талбайд мэрэгч амьтдын тархалт маш их, нэг га талбайд 150-200 мэрэгч амьтан тархаад байна гэсэн дүгнэлт хийсэн юм.

Тиймээс дээрх багаж төхөөрөмж нь бэлчээрийг сүйтгэгч үлийн цагаан оготно, мэрэгч амьтдыг устгахад ихээхэн ач холбогдолтой.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд дээрх гурван суманд иргэдийг бүлэг болгох, чадавхжуулах, сургалтын танхим тохижуулах, мал угаалгын долоон ванн барих, таван гүний худаг ашиглалтад оруулах гэх мэт малчдын бизнес эрхлэлт, мал үржлийн ажлыг дэмжин 350 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ