Сэлэнгэчүүд “Эрүүл, аюулгүй хөдөлмөрийн төлөө” анх удаа чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-05 13:51:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймаг “Эрүүл, аюулгүй хөдөлмөрийн төлөө” уриан дор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн чуулганыг энэ сарын 1-нд Сүхбаатар суманд анх удаа зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ гурван талт салбар зөвлөлийн зүгээс иргэд, хөдөлмөрчдөө эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюул осолгүй ажиллах зөв хандлагыг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг байна. Энэ ч утгаараа атрын 60 жилийн ойн хүрээнд энэхүү чуулганыг аймагтаа анх удаа зохион байгуулж буй нь онцлог юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдалд зөвхөн ажил олгогч дангаараа оролцох бус ажилчин өөрөө өндөр хариуцлагатай, дүрэм журмаа чанд биелүүлж, хамтран оролцох нь чухал гэнэ. Энэ зарчмыг Сэлэнгэ аймаг баримтлан ажиллаж байна хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга, аймгийн ХАБЭА-н 3 талт салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа онцоллоо.

Сэлэнгэ аймаг дахь тус салбар зөвлөл нь орон нутгийн засаг захиргааны бүх нэгжид буюу 17 сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлүүдийг тус бүр 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байгаа ажээ.

Тус аймгийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, хэрэгжилтийг хангах, дэд хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулан, болзол, дүрэм, журам гарган мөрдөн ажиллаж байгаа аж. Мөн сумдууд болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг өндөр эрсдэлтэй, үйлдвэрлэлийн осол гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад шалган туслах үзлэгийг хийж хэвшсэн гээд онцлог давуу ажил байгааг салбарын дэд сайд сайшаалаа.

Чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, АОЭНХ-ны зөвлөх П.Тунгалаг болон албаны бусад хүмүүс урилгаар оролцож илтгэл тавьж,  тулгамдсан асуудлаа шийдэх арга замуудыг хэлэлцлээ. Мөн эл үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ХАБЭА-н салбар зөвлөл, ААНБ-уудын удирдлага, ажилтны төлөөлөл нийт 400 гаруй хүн оролцов. 

Сэлэнгэ аймаг 41.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Засаг захиргааны 17 сум, 6 тосгон бүхий 56 баг, 30123 өрхийн 109.2 мянган хүн амтай. Үүнээс 66.1 хувь буюу 72226 хөдөлмөрийн насны хүн ам байгаагаас 60.7 хувь буюу 45883 хүн хөдөлмөр эрхэлж байгаа ажээ.

Чуулганы төлөөлөгчид 5 хэсэгт хуваагдаж “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал ус” ОНӨААТҮГ, “Алтан тариа” ХХК, УБТЗ-ын Сүхбаатар депо, Сүхбаатар сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг газруудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан нь онол дадлага хосолсон үр дүнтэй ажил болжээ. 

Осол аюулгүй ажиллагааны цаана ажилчдын ар гэрнийгмийн хариуцлагаурамшууллын өндөр хэмжээний менежмент гээд олон хүчин зүйл нөлөөлдөг аж. Энэ ч утгаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Арвин бэлчир ХХК ажилчдаа амралтын хэмжээний орчин нөхцөлтэйгээр ажиллуулдаг туршлагаа энэ үеэр хуваалцлаа.

 



Холбоотой мэдээ