Импортын тарифыг зохицуулснаар 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-14 16:32:04

Шийдлийн Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, салбарын бүтээн байгуулалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд төмс хүнсний ногоо болон нийт 28 бараа бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийснээр гадагш урсах мөнгөний урсгалыг багасгаж чадсан хэмээн онцлов. 

Тодруулбал өнгөрсөн оны 7 дугаар сард УИХ тогтоол гаргаж, анх удаа дотоодын зарим барааны зах зээлийг хамгаалах чиглэлээр импортын тарифын зохицуулалт хийсэн. Улмаар Засгийн газрын тогтоолоор мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг таван нэр төрлийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн юм. Үүний үр дүнд, цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн махны импорт 40 хувь  буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 41 сая төгрөгөөр нэмэгджээ. Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балны импортыг хязгаарласнаар 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан байна.

Дээрх эерэг үзүүлэлтийн үр дүнгээс хамаарч Засгийн газар 137 дугаар тогтоол гарган, импортын тарифын зохицуулалтыг дахин 28 нэр төрлийн бараанд хийжээ. Ингэснээр төмс хүнсний ногоонд 20 хүртэлх хувийн татвар тогтоохоор болжээ. Үүнээс гадна Монголдоо үйлдвэрлэж байгаа хаалга хавтан модон эдлэл, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгааллын хувцас  гутал, барилгын үйлдвэрийн салбар, дотооддоо үйлдвэрлэж буй бетон хийцийн бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийсэн байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн шалгаруулалтад Үндэсний дөрвөн консерциум оролцох хүсэлт гаргажээ

Хүнд буюу суурь аж үйлдвэр Монголын эдийн засгийн гол түшиц байна гэдгийг Ж.Эрдэнэбат сайд онцлоод энэ салбарт хийгдэж буй төслийн явцын талаар мэдээллэв. Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын тогтоол гарч, байршлыг тогтоосон. Үүний дараа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаант шалгаруулалтад орох хүсэлтэй компаниудыг бүртгэж авчээ. Уг шалгаруулалтад үндэсний дөрвөн консерциум оролцох хүсэлтээ ирүүлж, шалгуурлалтын материалаа хүлээн авч, ажилдаа ороход бэлэн болсон байна. Эдгээр нь Монгол-Канадын хамтарсан консорциум, Монгол-Хятадын хамтарсан СРР-МАХ консорциум, Монгол-Хятадын хамтарсан консорциум, Монгол-Английн хамтарсан Ай Эс Эн /ISN/ консорциум юм байна. Энэ нь Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барихад оролцогчдын сонирхогчид өндөр байна, дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан  үйлдвэрийг барихад Монголын хөрөнгө оруулагчид оролцох боломжтой юм байна гэдгийг харуулж байна гэж салбарын сайд нь онцлов. Шалгаруулалтын дараа Нефть дамжуулах хоолойг концессын гэрээгээр барих ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажил дуусмагц ойрын хугацаанд Дорнод аймгаас Хэнтий аймгийн Бор-Өндөр хүртэлх 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендер зарлах ажил эхлэхэд бэлэн болсон байна.

Түүнчлэн Зэс баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г бэлдэх Ажлын хэсгийн явц сайн байгаа ч цэвэршүүлэх үйлдвэрээс дагалдан гарах бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах, нэмэлт дагалдах үйлдвэрүүдийг байгуулж болох зэрэг асуудлын нарийвчилсан судалгаа зайлшгүй шаардлагтай байгаа аж. Энэ судалгаа дуусахаар Зэс хайлуулах үйлдвэрийг барих тендер зарлагдах юм байна. 

Харин Ган хайлах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийх компаниуд шалгарч дууссан бөгөөд Байгаль  орчин нийгмийн нөлөөллийг хийх зөвлөх компани шалгарсан байна. Төмөртэй-Хандгайтын шинэ төмөр зам барих ажлыг дуусгаснаар Ган хайлах үйлдвэрийн суурь дэд бүтцийн ажил жигдэрчээ. Ингээд төлөвлөгөөний дагуу ирэх зургадугаар сарын сүүлээр Дарханы ган хайлах үйлдвэрийн суурь ажлыг эхлэх юм байна.

Сумдад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд 50 тэрбум төгрөг олгоно

ЖДҮ-ийн бодлогын зээлд шилжих талаар өмнө нь яригдаж байсан. Энэ хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Засгийн газраас ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хуваарилсан 200 тэрбум төгрөгийг бодлогын зээлээр олгох болжээ. Үүнээс 50 тэрбум төгрөгийг нийт 330 суманд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл сумын иргэн өрхийн бичил бизнес, үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бол нийслэл рүү хүрэлцэн ирэлгүйгээр тухайн орон нутагтаа мэдүүлээд зээл авах боломжтой болсон байна. Зээл олгох эрх нь аймгийн сонгон шалгаруулалтын дэд хороонд шилжиж, сонгон шалгаруулалтыг аймаг өөрөө дэд хороогоороо хийдэг болжээ.

Аж үйлдвэрийн яам Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Сангийн яам, Монголбанк, ЗГХЭГ-тай хамтарч “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж Засгийн газарт танилцуулахад бэлэн болжээ. Үүнээс үүдэн “Уул уурхайн бус боловсруулах үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр нийт экспортын 90 хувь нь эрдэс түүхий эд бүтээгдэхүүн, уул уурхайн баялаг, үлдсэн нь боловсруулах үйлдвэр байгаа тэгш бус харьцааг зохицуулахын тулд хөрөнгө оруулалтын сангаар шийдвэрлэх  болжээ.

Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа эрчим хүчний  төслийн тухайд Багануурын 700 МгВ цахилгаан станцын ажил гурван жилийн хугацаанд баригдаж дуусах бол “Эгийн голын төсөл” дэд бүтцийн төсөл нь концессийн гэрээний хэлэлцээрийн түвшинд явж байгааг Ж.Эрдэнэбат сайд мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ