БОЭТ-өөс хэрхэн үйлчилгээ авах талаар иргэдэд бүрэн мэдээлэл олгохыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-07 11:51:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг БОЭТ-д хэрэгжүүлсний үр дүнд тухайн байгууллага өөрчлөлт, шинэчлэлийн тодорхой ажлуудыг хийсэн байна. Тухайлбал, иргэдийн хүсэлтийн дагуу:

-    -Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хуралдах өдрийг өөрчилж, пүрэв гарагт болгосон.

-   -Амбулаторийн хүлээлгийн хэсгүүдийг тохижуулж, иргэдийг мэдээллээр хангах дэлгэц, электрон самбаруудыг байршуулсан.

-  -Цахим бүртгэлийн журамд өөрчлөлт оруулж, үзлэгийн дугаарыг утсаар захиалах боломжийг бүрдүүлсэн ба үйлчилгээний цагийг уртасгасан.

-    -ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэх мэт...

Ингэснээр 70321111 утсаар БОЭТ-д хандсан иргэдийн гомдол, санал харьцангүй буурч, 2019 оны эхний хагас жилд 10 иргэний хандалттай байсан бол 3 дугаар улиралд ямар нэг гомдол, санал гараагүй байна.

Гэвч анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай зүйл байгааг ажлын хэсгээс БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуунд мэдэгдлээ. БОЭТ-өөс эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай ойлголт, мэдээлэл иргэдийн дунд хомс бөгөөд цахим самбар, хөтөч, сум заах зэрэг олон энгийн аргаар иргэдэд мэдээлэл бүрэн өгөхийг ажлыг хэсэг хүссэн юм. Төсөв мөнгө шаардахгүй, нөөц боломжийнхоо хүрээнд сэтгэл гаргаад хийчих боломжтой ажлуудаа яаравчлан хэрэгжүүлэхийг ажлын хэсгээс шаардлаа.

Өнгөрсөн жил “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалын хүрээнд иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг хэлэлцүүлэг, судалгааны аргаар иргэдээр тодорхойлуулж, тэдний санал хүсэлтэд тулгуурлан 8 зорилт 20 арга хэмжээ бүхий төлөвлөгөө боловсруулсан ба аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлан 17 чиглэлээр үүрэг даалгаврыг БОЭТ-т өгсөн юм. Мөн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан билээ.

Тус ажлын хэсэг өнөөдөр БОЭТ-д ажиллаж, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцан ийнхүү үүрэг чиглэлийг өгсөн юм.

 

Холбоотой мэдээ