"Хуримтлалтай - Хувьцаатай иргэн" аян Баянхонгорт үргэлжилж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-11-08 17:20:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн "Хуримтлалтай - Хувьцаатай иргэн" аяны хүрээнд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн сургалтыг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Баянхонгор хотноо зохион байгууллаа. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн мэргэжилтнүүд сургалтын эхний өдөр аймгийн төвийн албан байгууллагуудын алба хаагчдад, өнөөдөр иргэд, хөдөлмөрчдөд мэдээлэл өгч ажилласан бөгөөд хоёр өдрийн хугацаанд 700 гаруй иргэн хувьцааны талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлжээ. Сургалтаар тус компанийн ашиг орлого, нөөц, цаашдын төлөв болон иргэн бүрт олгосон 1072 хувьцаагаа хэрхэн шалгах, хэрхэн данс нээлгэх, хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох зэрэг мэдээллийг хүргэсэн бөгөөд маргааш буюу 11 дүгээр сарын 9-ний өдрөөс Баянхонгор аймгийн 16 суманд ажиллах юм байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд Үнэт цаасны зах зээлд оролцоход нь зуучлах үүрэг бүхий нэг компани албан ёсоор ажиллаж буй. Тус "ГүүдСек" ХХК нь үнэт цаасны зах зээлд брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан, Монголын Хөрөнгийн биржийн гишүүн бөгөөд Улаанбаатар хот болон Баянхонгор зэрэг зургаан аймгийн харилцагчдад үйлчлэх эрх бүхий компани юм байна.

Тус ХХК-д сүүлийн мэдээллээр Баянхонгор аймгийн нийт хүн амын 52 хувь буюу 46.191 иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байгаа аж. Ийнхүү хувьцааны дансаа нээлгэсэн иргэд Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд брокерын компаниар зуучлуулан оролцох боломжтой болжээ. Шинэжинст сумын нийт иргэдийн 87 хувь, Баянговь сумын 86 хувь, Жаргалант сумын 82 хувь нь хувьцааны дансаа нээлгэсэн нь сумдаас хамгийн өндөр үзүүлэлттэй нь байгаа бол аймгийн төв буюу Баянхонгор сумын иргэд хамгийн идэвх султай /Нийт иргэдийн 40 хувь нь дансаа нээлгэсэн/ байгаа юм байна. 

"Эрдэнэс - Тавантолгой" ХК-ийн хувьцааг хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл Засгийн газрын 2017 оны 154 дүгээр тогтоолын дагуу нэрлэсэн үнэ 933 төгрөг хэвээр байгаа бөгөөд хэрвээ хувьцаа эзэмшигч мөн бөгөөд Төвлөрсөн хадгаламжид данс нээлгээгүй бол брокерийн компанид хандан үнэт цаасны данс нээлгэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөсөн. Ингэснээр иргэн өөрийн эзэмшиж байгаа "Эрдэнэс - Тавантолгой" ХК-ийн хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаанд оруулах боломжтой болох аж. Хувьцаа эзэмшигч мөн эсэхээ шалгахдаа иргэд:

- http://net.schcd.mn/registration/ хаягаар регистрийн дугаараа бичиж оруулан шалгах 

- 158989 тусгай дугаарт англи цагаан толгойн үсгээр регистрийн дугаар бичиж илгээн шалгах /150 төгрөг/ 

- 1072 хувьцаа мэдээллийн төвтэй 1800-1072 дугаарын утсаар холбогдон асуух боломжтой. Сануулахад, УИХ, Засгийн газраас "Эрдэнэс - Тавантолгой" ХК-ийн хувьцааны 20 хувь, Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг 2010 онд гаргасан. Шийдвэрийн дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр хувьцаатай болсноос гадна "Эрдэнэс Монгол" компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг хэзээ төрснөөс үл хамааран үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. Тухайн хувьцаагаар компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах болон хуулиар тогтоосон бусад эрхийг эдлэх боломжтой аж.

Холбоотой мэдээ