Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлахыг дэмжжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-11 13:36:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцжээ.


УИХ-д энэ оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно. МАН-ын бүлэг дээрх төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар санал нэгдсэн байна.


УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд өөрөө танхимын гишүүдээ томилж, чөлөөлдөг байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болох асуудлыг төсөлд тусгах санал гаргаад буй. Харин МАН-ын бүлэг эхний хоёр саналыг нь дэмжжээ. Ингэхдээ сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос мөрдөж эхлэх нь зөв хэмээн үзсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.


Тэрбээр, “Ерөнхийлөгчийг УИХ томилдог байх саналыг эцэслэн шийдсэнгүй. Уг асуудлыг зөвшилцлийн ажлын багийн хурлаар дахин хэлэлцэх юм. Энэ саналыг дэмжсэн тохиолдолд 2025 оноос хэрэгжүүлэх нь зөв” гэлээ.

Холбоотой мэдээ