Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-11 16:43:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.


Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр нийт 188 заалтаас 80 заалт нь хэрэгжиж байгаа, 40 гаруй хувийн хэрэгжилт хангалтгүй, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.


Тиймээс Монгол Улсын иргэн бүрийг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.


Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр ашиглах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц ажил юм. Гэтэл хот, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй байгальд асгаж байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаатай нь 51, хагас ажиллагаатай нь 27, огт ажилладаггүй 47 байна. Эдгээр байгууламж нэг жилд 120 сая шоометр бохир усыг байгальд шууд асгаж байгаа ажээ.


Хуулийн төслийг баталснаар ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ, өмчлөл сайжирч, хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн хэрэглээний усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх байгууламжаас гарсан ус, лагийн менежментийг зохицуулах боломжтой болно.

Холбоотой мэдээ