Байнгын хороо ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-12 08:59:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Тухайлбал, 10.00 цагт УИХ-ын Төвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнд Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай зэрэг 14 хууль, тогтоолын төсөл багтжээ. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслүүд, "Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай хэлэлцэнэ.


Харин 11.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох асуудлыг хэлэлцэх юм.


Үдээс хойш буюу 14.00 цагт Өргөдлийн байнгын хороо хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар УУХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно.

Холбоотой мэдээ