Үндэсний аврах бригад Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй боллоо.
Төвийг нээх ёслолд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцов.
Онцгой байдлын байгууллага 2017 оноос Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан харьяа анги, байгууллага, салбарын нэгдсэн удирдлагын төв байгуулж байна.
Хошууч генерал Т.Бадрал хэлэхдээ, “Үндэсний аврах бригадын алба хаагчид гамшгийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг. Энэ удирдлагыг холбоо, мэдээлэлгүйгээр төсөөлөх аргагүй. Цаг үеэ олсон, техникийн содон шийдлээр “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй болж байгаад баяртай байна. Та бүхэнд ажил, хөдөлмөрийн амжилт хүсье” хэмээв.
Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийг алба хаагчдын санаачилгаар өрнүүлж, сүүлийн үеийн техник, технологиор тохижуулах ажлыг нь эхлээд байна. Ингэснээр ОБЕГ, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой болов.
Ташрамд дурдахад, Үндэсний аврах бригад нь Монгол Улсад ихэвчлэн тохиолддог ой, хээрийн гал түймэр, ган, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, ус, уулын болон цацраг, химийн хорт бодисын ослын хор уршгийг арилгах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад дэмжлэг үзүүлж, байнгын үүрэг гүйцэтгэдэг байна.