“Цэнхэр дөл” гал сөнөөгчдийн олон улсын тэмцээнд амжилттай оролцов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-13 15:38:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжоу хотноо анх удаагаа зохион байгуулсан олон улсын эрэн хайх, аврах багийн “Цэнхэр дөл” гал сөнөөгчдийн тэмцээнд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид амжилттай оролцжээ.


Энэ сарын 5-11-нд зохион байгуулсан тус тэмцээнд  НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 10 алба хаагч оролцсон юм. Тэмцээнд 15 орны 200 орчим алба хаагч оролцож, 9 төрлөөр өрсөлдсөн байна.


Монгол Улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амьсгалын бие даасан төхөөрөмж үүрч 5000 метрийн зайн гүйлт, саадтай 100 метрийн гүйлт, 8 метрийн гүнд автомашинаас нэрвэгдэгч гаргах багийн шумбалт,  завь жолоодож арал дээр үлдсэн 2 нэрвэгдэгчийг татан гаргах, нурангид дарагдсан нэрвэгдэгчийг аврах төрлүүдэд амжилттай оролцсон юм.


Мөн тэмцээний үеэр зохион байгуулсан 15 орны алба хаагчидтай туршлага солилцох хаалтын ажиллагааны нэгдсэн үзүүлэх тоглолтод амжилттай оролцлоо.


Монголын алба хаагчид Ханжоу хотын Шаошио дүүргийн Аврах, гал унтраах ангийн үйл ажиллагаа болон аврах багаж хэрэгсэл автомашин техник хэрэгсэлтэй танилцаж, туршлага судалсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ