Парисын гэрээнээс гарснаар АНУ өөрөө илүү хохирно

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-11-13 20:08:21

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ гарах үйл явц албан ёсоор эхэлсэн гэдгийг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео твиттер хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр мөн НҮБ-д захидал бичиж, АНУ-ын дээрх шийдвэрийг танилцуулсан байна.


Тус гэрээнээс гарах тухай өргөдлийг хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 4-нөөс эхэлсэн бөгөөд Парисын гэрээн дэх Б.Обамагийн гарын үсгийг хүчингүй болгоно гэж байсан Ерөнхийлөгч Д.Трамп цаг алдахыг хүссэнгүй. Тэрбээр НҮБ-д нэн даруй захидал илгээж, АНУ-ын шийдвэрийг танилцуулахыг Төрийн Департаментад үүрэг болгосноор АНУ Парисын гэрээнээс гарах үйл явц албан ёсоор эхэллээ.


Уг процесс яг нэг жилийн дараа буюу 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсны маргааш өдөр нь дуусах ёстой. Тэгэхээр Парисын гэрээнээс гарах тухай асуудал бол сонгуулийн кампанит ажлын гол сэдвүүдийн нэг байх нь лавтай бөгөөд цаашдаа АНУ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үү, үгүй юү гэдэг нь сонгуулийн дүнгээс шууд хамаарах болно. 


Гэрээнд тусгаснаар АНУ 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 2005 онтой харьцуулахад 26-28 хувиар бууруулах үүрэг хүлээжээ.  АНУ бол нүүрсхүчлийн хийн хаягдлын хэмжээгээр дэлхийд Хятадын дараа ордог бөгөөд 2015 онд  Америкийн үйлдвэрүүд 5,1 сая килотонн нүүрсхүчлийн хийг агаар мандалд хаясан нь Европын Холбооны гишүүн 28 улсын хаягдлыг нийлүүлснээс давж байна.

Хэрвээ хүлэмжийн хийн ялгаралтыг бүрэн зогсоож чадахгүй аваас дэлхий даяар байгалийн гамшиг нүүрлэж, дүрвэгсдийн тоо эрс өсч, ядуурал газар авснаар улс орнуудын эдийн засаг сүйрэлд орно. Парисын гэрээний тусгасан зорилт биелсэн ч гэсэн энэ нь дэлхийг аврахад хангалтгүй гэдгийг ОУВС анхааруулсан билээ. Дэлхийн дулаарлын явц Парисын гэрээнд зааснаас хоёр дахин илүү хурдтай байгаа учраас 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг бүрмөсөн зогсоох нь зүйтэй гэж эрдэмтэд, байгаль орчныг хамгаалагчид шаргуу уриалсаар байна.

2016 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг баталснаас хойш түүнд дэлхийн 196 улс нэгдэн ороод байна. Хэлэлцээрийн гол зорилго нь 2100 он гэхэд дэлхийн агаарын дундаж хэмийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2-оос дээш хэмээр нэмэгдүүлэхгүй байх явдал юм. Энэ бол уур амьсгалаас үүдэлтэй болзошгүй сүйрлээс зайлсхийж, дэлхий дээрх амьдралыг одоогийнхоор нь хадгалан үлдэх цорын ганц арга мөн гэж эрдэмтэд үздэг.


Харин дэлхийн хамтын нийгэмлэгийн нэгдмэл зорилгоос ухарч буй Д.Трампын дээрх шийдвэр хэнд хохиролтой вэ? АНУ-д ашигтай байж чадах уу? гэдэг талаар ажиглагчдын хийж буй дүгнэлтүүдээр товч тойм бэлтгэлээ


10 дугаар сарын сүүлчээр Питтсбург хотод болсон газрын тос-хийн салбарын бага хуралд оролцох үеэрээ Трамп үг хэлж “Парисын гэрээ нь хэтэрхий их хязгаарлалтууд тогтоосон учраас Америкийн компаниудыг дампууралд хүргэнэ. Гэтэл гадаадын компаниуд ямар ч шийтгэл хүлээлгүйгээр агаар мандлыг бохирдуулсаар байх болно” гэж байр сууриа илэрхийлжээ. “Америкчуудыг хохироох замаар гадаадынхан баяжихыг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. “Америкийн эрх ашиг бүхний түрүүнд” гэсэн миний уриа хэвээр байгаа” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Д.Трамп АНУ-ыг гэрээнээс гаргана гэдгээ 2017 оны зун мэдэгдэж байсан бөгөөд түүний тооцоолсноор, Парисын гэрээний “гайгаар” 2025 он гэхэд АНУ дахь ажлын байрны тоо 2,7 саяар хорогдох аж.  Үүнээс дүгнэвэл, 2020 оны сонгуульд ялахын тулд Д.Трамп аж үйлдвэр, уламжлалт эрчим хүчний салбарт ажлын байрыг хадгалах явдлыг мөрийн хөтөлбөрийнхөө чухал хэсэг болгох нь тодорхой байна.


АНУ-д учрах хохирол


Харин Трампын шийдвэрийг шүүмжилж буй хүмүүсийн дүгнэж байгаагаар, Парисын гэрээнээс гарах нь АНУ-д өөрт нь илүү хохиролтой тусах ажээ. Трамп технологийн дэвшлийн бодит хандлагын эсрэг зогсож байгаа бөгөөд түүний шийдвэр нь эдийн засгийн хувьд тооцоо судалгаагүй, зөвхөн сонгуульд олон санал авах гэсэн популист алхам хэмээн шүүмжлэгчид хэлж байна.   


Уламжлалт эрчим хүчний салбараа аврахын тулд Трамп Парисын гэрээнээс гарч байгаа мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр АНУ-д нарны зайн хавтан угсрах, засвар хийх үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн тоо нүүрс олборлолтын салбарт ажиллагсдын тооноос даваад байгаа юм. Тэгэхээр Трампын шийдвэр нь АНУ-д эрчимтэй хөгжиж буй сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийг хойш татаж, зах зээлийн орон зайг нь  Хятад, Европын Холбоо болон Энэтхэгийн компаниудад сул тавьж өгч буйгаас өөрцгүй гэж шинжээчид үзэж байна.   

Ингэснээр АНУ байгаль орчинд ээлтэй цэвэр технологи боловсруулах тал дээр бусад улсаас илт хоцрогдож, хөрөнгө оруулалт дутагдсаны улмаас сэргээгдэх эрчим хүчний салбарынх нь хөгжил зогсонги байдалд орно.  Түүнээс гадна, экспортын чиг баримжаатай Америкийн компаниуд хүнд байдалд орно, учир нь, импортлогч орнууд тухайн барааг үйлдвэрлэх явцад хүлэмжийн хий ялгарч буй эсэхээс хамааруулан гаалийн татвараа ихэсгэж багасгана.


Чиг хандлагыг сөрсөн алхам


Сүүлийн үед дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд эргэлт гарч байна. 9 дүгээр сард болсон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр швед охин Грета Тунберг бодит байдлыг ил шууд хэлсний дараа улс орнуудын удирдагчид дэлхийн дулааралтай хийх тэмцэлд хашин хойрго хандаж байснаа хүлээн зөвшөөрсөн билээ. Учир нь, энэ удаагийн саммитын үеэр улс орнууд, дэлхийн тэргүүлэгч компаниуд эх дэлхийгээ аврахын тулд нэлээд дорвитой санаачилгууд гаргаж, тодорхой үүрэг амлалтууд авсан юм. Тухайлбал, 77 улс 2050 он гэхэд эдийн засгаа экологийн чиг баримжаатай болгож, ялгарч буй хийг агаар мандлаас бүрэн цэвэрлэнэ гэсэн үүрэг амлалтыг авсан байна. 70 улс, тэдгээрийн дотор Хятад, Энэтхэг ба Европын Холбоо эрдэмтдийн өгсөн зөвлөмжийн үндсэн дээр экологийн бодлогоо дахин хянаж үзэхээ амлалаа.


Европын Холбооны гишүүн орнууд тус холбооны төсвийн ¼-ийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулахаар боллоо. Парисын гэрээг биелүүлэхгүй байгаа ямар ч улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахгүй гэдгээ Франц улс мэдэгдсэн байна. Түүнээс гадна, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 0 болгоно гэдгээ дэлхийн 87 том корпорацийн удирдлага амлалаа. 2 их наяд гаруй долларыг захиран зарцуулдаг томоохон тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд Asset Owner Alliance гэдэг бүлэгт нэгдсэн бөгөөд 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийг агаар мандалд цацдаг компаниудаас хөрөнгө оруулалтаа буцаан татахаар шийдвэрлэжээ. 


Хөгжингүй орнуудад цахилгаан автомашинд шилжих үйл явц хурдасч, хий бага ялгаруулдаг үйлдвэрлэлийн салбарт хийж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Ганцхан жишээ дурдахад, дээрх зорилтод хүрэхийн тулд 2050 он хүртэлх хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт 14 их наяд доллар, цахилгаан автомашинд шилжихэд 11 их наяд доллар хэрэгтэй байна гэсэн тооцоог Morgan Stanley банкны эдийн засагчид хийжээ.  


Экологийн протекционизмын /байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хамгаалан дэмжих/ бодлогыг Европын орнууд хэрэгжүүлж эхлээд байна. Европын Холбооны засгийн газрын үүргийг гүйцэтгэдэг Европын Комисс хүлэмжийн хийн хаягдлыг хянахдаа хойрго хандаж буй улсуудын компаниудаас Европын үйлдвэрлэгчдийг хамгаалах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. 


Нөхцөл байдал, чиг хандлага ийнхүү асар хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа өнөө үед Парисын гэрээнээс гарснаараа АНУ хөгжил дэвшлээс “хол хаягдаж”, дэлхийн зах зээлд эзлэх Америкийн үйлдвэрлэгчдийн байр суурь хумигдах нь тодорхой.


Нөгөөтэйгүүр, Трамп хэлэхдээ, гэрээг америкчуудад ашигтай хувилбараар дахин байгуулахын тулд хэлэлцээний ширээний ард сууж, гэрээнд өөрчлөлт оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэвч түүний энэ санал нь логик муутай, хэрэгжих магадлал тун бага юм. Учир гэвэл:


Нэгдүгээрт, уг гэрээгээр улс орнуудад ямар ч хатуу үүрэг хүлээлгэдэггүй. Улс орон тус бүр хүлэмжийн хийг ямар хэмжээгээр бууруулах вэ гэдгээ өөрсдөө тодорхойлох бөгөөд АНУ-ын хувьд заавал гэрээнээс гарахгүйгээр ингэж тодорхойлох боломжтой. 


Хоёрдугаарт, улс орнууд тавьсан зорилтоо биелүүлээгүйн төлөө ямар нэгэн шийтгэл хүлээхгүй.


Гуравдугаарт, гэрээг дахин байгуулахын тулд дэлхийн 200 орчим улс орныг дахиад л хэлэлцээний ширээний ард суулгана гэдэг бол боломжгүй зүйл.


АНУ гэрээнээс гарснаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд нь хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжийн хэмжээ багасна. Парисын гэрээнд тусгаснаар, хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах үүргийг өндөр хөгжилтэй орнууд төдийгүй хөгжиж буй орнууд ч мөн адил хүлээсэн билээ. Харин хөгжиж буй орнуудад хөгжингүй орнуудын тусламж хэрэгтэй байна.


Эл зорилгоор 2010 онд НҮБ-ын ивээл дор “Уур амьсгалын ногоон сан”-г байгуулсан бөгөөд 2020 он гэхэд тус санд 100 тэрбум доллар төвлөрсөн байх ёстой ба уг мөнгөний ихэнхийг өндөр хөгжилтэй орнууд гаргах ёстой. Гэтэл одоогоор дөнгөж 10 тэрбум доллар хуримтлагдаад байна. Трампын хэлснээр бол, АНУ Парисын гэрээнээс гарснаар тус санд олгодог хандиваа зогсоох ажээ.


Парисын гэрээнээс гарна гэдгээ Трамп зарласнаас хойших 2 жил хагасын хугацаанд нэг ч улс түүний шийдвэрийг дэмжээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамтын нийгэмлэгийн зөвшилцлийг АНУ-ын Ерөнхийлөгч “бусниулж” чадаагүй байна. Гэхдээ түүний шийдвэр нь гэрээнээс гарах сэдлийг бусад улс оронд төрүүлж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэл нэлээд саарах эрсдэлтэй.


Б.Адъяахүү


Гол эх сурвалж: ВВС агентлаг

 

 

 

Холбоотой мэдээ