ФАУСТ ДАХИН МЭНДЛЭХЭЭС ӨМНӨ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-11-14 17:28:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Өнөөдрийн бидний мэдэх драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшлүүд болон бусад хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” пост драмын жүжиг Монголын тайзнаа хоёр жилийн өмнө амилсан билээ. Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэж, Шекспир болоод сүүл үеийн сонгодогууд болох Беккетийн “Годог хүлээхүй”, Сартрийн “Оршуулаагүй үрэгдэгсэд”, Инескогийн “Хирс” зэрэг жүжгүүдтэй титэм хуваан эзэмшдэг бүтээлийн тоонд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй орно.


Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч Мягмарнарангийн Батболдын зориглон барьж авсан алдарт “Фауст” жүжиг дахин амилж үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тиймээс тус жүжгийн өмнөх тавилтын тухайд бичсэн нийтлэлийг уншигчдад тоймлон хүргэхээр бэлтгэлээ.


“Фауст” жүжиг ард түмний оюуны хэрэгцээг хангаад зогсохгүй, тавилт, тайзны шинэлэг шийдлээр яалт ч үгүй театрын урлагт нэгэн содон өнгө авчирч чадсан юм. Тус жүжгээс өнөөгийн нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох тухай хором ч уйдахгүйгээр үзэгчид хүртэн мэдэрсэн болов уу гэж санана. Учир нь тэд голограмм технологийг Монголд анх удаа театрын тайзнаа ашиглаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл оргүй хоосон тайзан дээр гэрлийн ойлтын нөлөөгөөр бодит мэт дүрслэл харагдана гэсэн үг билээ.


ЭХНИЙ ШАТ




Фаустын домог Европын уран зохиолд өмнө нь байсан ба XVI зууны Английн зохиолч Кристофер Марло “Фауст”-ын тухай жүжиг бичсэн байдаг. Гэвч Гётегийн "Фауст" бол хүн төрөлхтний хөгжлийн зам, хүний амьдралын утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл хийгээд уран сайхны дүр дүрслэлээрээ хамгийн алдартай нь юм


Бурхан, үгүйсгэлийн сүнс Мефистофель нар хүний мөн чанарын тухай дурдаж тэмцэл өрнөнө. Энэ тэмцэл Фаустыг сорих зөвшөөрлийг бурхан Мефистофельд өгснөөр дуусна. Мэдээж жүжгийн энэхүү эхлэлийг уншигчид андахгүй мэдэх биз ээ. Бурханы дүрийг жаахан хүүхдээр төлөөлүүлж гаргасан нь цэвэр найруулагчийн шийдэл юм. Аль ч улсад тухайн жүжгийн тавихдаа бурханы дүрийг ямар ч хувилбараар үзүүлж болдог. Харин Монголын тайзнаа хүүхдээр төлөөлүүлэн харуулсан хэр зөв сонголт байв. Учир нь Монголчууд жаахан хүүхдийг “бурхан” хэмээн үздэг. Хүүхэд бол ямар ч муу санааны хир толбо суугаагүй, цэвэр тунгалаг сэтгэлтэй, шудрага үнэн байдлын илэрхийлэл. 


Нэгэн удаа гадаа салхилж яваад нохойтой тааралдаж гэртээ тэжээх санаа Фаустад төрдөг. Гэртээ авчиртал тэр нь нохойн дүрд хувилсан чөтгөр байсныг удалгүй мэдэж, түүнтэй яриа өрнүүлэн улмаар гэрээ байгуулна. Тэдний хооронд байгуулсан гэрээ ёсоор Фаустыг амьд байгаа үед нь сайхан бүхнийг үзүүлээд, үхэх үед нь сүнсийг нь харин чөтгөр өөрийн болгох ажээ. Зохиол ийнхүү эхэлдэг ба энэ хэсэгт хүний хувцас өмсч ширээний ард тухлан, амтархан зоог идэж буй жинхэнэ нохой тайзанд жүжигчний дүрээр гарч ирсэн гэдгийг ч дурдах хэрэгтэй.


Харин Мефистофелийн дүрийг жүжигчин Л.Баттулга бүхий л талаар тун чадмаг бүтээсэн санагдана. Үгүйсгэлийн сүнсний алиа хошин зугаацал, ширүүн байдал, орь дуу, зовлон шаналалаас өөрийн хүчийг сэлбэх догдлол зэрэг бүхий л мөн чанарыг нь нүүрний хувирал, үйл хөдөлгөөн бүрээрээ чадварлаг үзүүлсэн гэдэгтэй олон үзэгчид санал нийлэх биз ээ.


Глограмыг чадамгай ашиглаж, дэлхийн театрын тайзнаа шинэ хэлбэрийг бий болгосон дэвшилтэт технологийг Монголд анх удаагаа жүжгийн элементүүдтэй хэрхэн холбож өгснөөс л тайзнаа амилсан “Фауст”-ын өнгө тодорхойлогдох байв. Тайзан дээр болж буй яриа, дэлгэцэнд ч мөн томоор харагдах бөгөөд өнгө, гэрлийн сүлэлдээн, үйл явдал өрнөж буй газруудын дүрслэлийг тод харуулж чаджээ. Жишээ нь Мефистофель ярьж байвал тайзны гэрэл сааралтан бүүдийж, дэлгэцэнд хар бараан өнгө аяс бүхий орчин ахуй бүрэлдэх бөгөөд хөгшин Фауст ярих үед шаргал өнгийн гэрэл тайзнаа тусч, гэгээлэг ахуй дэлгэцэнд ургах аж. Энэ бүхнийг нэгтгэн харуулж, дүрийн мөн чанартай нь орчин үеийн технологи, дэвшлийг уялдуулж өгснөөр үнэхээр “шинэ” байж чаджээ. Жүжгийн найруулагч хийгээд, тайзны зураач, оролцсон бүхий л хүмүүс ийнхүү эхний шатыг амжилттай давлаа.


ХҮЛЭЭЛТЭЭС ӨӨР ШИЙДЭЛ




Ерөнхий найруулагч М.Батболд “ОХУ-д сурч байхдаа зохиолч Булгаковын Мастер, Маргарита зохиол дээр ажиллаж байсан. Энэ нь надад “Фауст” руу орох  эхлэл, шалтгаан болсон. Ийнхүү аажмаар “Фауст” зохиолд дурлаж эхэлсэн гэж хэллээ. Мөн тэрээр дараа жилээс Уильям Щекспирийн “Лир ван” жүжгийг найруулахыг хүсч байна. Гэхдээ пост театр чиглэлээ баримтална” гэв.


Мэдээж хүний оршихуйн мөн чанар, там диваажингийн уран сайхны гайхалтай дүрслэлүүдээр найруулагчийн дурдсан хоёр зохиол дүүрэн байдаг. Гэвч “Мастер Маргарита хоёр” роман бөгөөд харин “Фауст” бол туульсийн хэмжээний зохиол учир тайзанд амилахад эрс тэрс ялгаатай гэдгийг санууштай. Тиймдээ ч найруулагч “Фауст”-ыг тайзнаа пост драм хэлбэрээр биежүүлэхээр зориг шулуудсан нь илт байна.


Фауст хэмээх 70 настай суутан юунд тулаад гацав. Тэрээр ертөнц хамаарлын томьёог нээж дахин шинэ хүн бүтээхийн эрэлд тулаад байв. Гагцхүү бурхан хийгээд чөтгөрийн гэнэн найр наадмын хүлээн зөвшөөрч, өөрийгөө сул дорой нэгэн гэж итгүүлэхийн төлөөсөнд л гарын үсгээ зурж, сүнсээ тамд худалдсан хэрэг үү? Асуултаас цаашид жүжиг өрнө.


Үзэгчдийн сэтгэл хөдлөл дүрийн үзүүлэлтээс шалтгаалан хувирч байна. Жүжигчин С.Болд-Эрдэнэ Гамлетийн дүрээр олны талархлыг хүлээж байсан шиг залуу Фаустын дүрийг тайзнаа мөнхлөв. Харин тэр хуучин Гамлет хэвээрээ байсан бөгөөд цоо шинээр эргэн ирээгүйг дурдахад илүүдэхгүй болов уу.


Цезарь хааны дүрд хувилан дэлхийг үнс нурам болгосон, сүр хүчит нэгний дүрийг гологритмаар л үзүүлж, дэлгэцээр үйл явдлыг хураангуйлан харуулсан нь мэдээж цэвэр найруулагчийн шийдэл. Бүгдийг нь тайзанд хураангуйлан үзүүлж болох ч мэдээж жүжиг сунжирах талтай. Энэ хэсгийг эхлүүлэхэд дэлгэцэнд олон албан тушаалтанд, хааны дүр гарах бөгөөд өөрсдийн албан тасалгаанд суугаа мэт харагдана. Зүгээр л нэг албан өрөөний ажилчдын дүр гардаг. Орчин үетэй ийнхүү хольсон нь нэг талаар ерөөс үзэгчдийн сэтгэлд бууж өгөхгүй байх шиг санагдсан. Гэвч жүжгийн үйл явдлыг алиа хошин өнгөтэй хольж, бараан егөөдлийг бий болгосон нь тун олзуурхууштай хэрэг.


Сүүлчийн үзэгдэл өөрийнх нь гүйцээхийг хүсч байсан ажил, шинээр бий болгосон хүн нь механик оюун ухаантай болсон ба өөрийн оршихуйг тодорхойлж чадашгүй нэгэн байдаг. Өөрөөр хэлбэл “робот” хүн гэсэн үг. Тиймдээ Мефистофелийн хамт хорвоогийн бүхий л аж  төрөхүйг биеэр үзэж, зовлон зүдгүүр, жаргал цэнгэл амссан Фаустын ой гутаж ялагдал хүлээх мөчид цорын ганц үнэн томьёог өөртөө нээнэ. Тэр нь хүн хүнээ хайрлах хайр, эрж явсан томьёо нь өөрөө байсныг ойлгосноор жүжиг дуусдаг. Мэдээж энэ бол тайзнаа найруулан тавьсан төгсгөл. Харин зохиолд өөрөөр бий гэдгийг дэлхий нийтээр уншигчид мэдэх билээ.


Хүлээж байснаас тэс өөр энэ шийдлүүд ямартаа ч жинхэнэ пост драмыг үзэгчдэд мэдрүүлж чадсан гэдэгт эргэлзэх зүйл харин үгүй юм.


ОЮУНЫ ШИНЭ ХЭРЭГЦЭЭ




Урлаг бидэнд яагаад хэрэгтэй вэ? гэсэн асуултыг одоо ч зарим нэг хүмүүс тавидаг. Нийтлэг зорилго нь юу вэ гэвэл урлаг энэрэнгүй, сайхан сэтгэлтнүүдийг бүтээдэг. Тиймдээ ч нийгэм өөрөө гэрэл гэгээтэйгээр оршдог. Тийм ч учраас бидэнд урлагийн мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хэрэгцээнд зориулан пост драм хэмээх театрын орчин үеийн хэлбэрийг сонгох шалтгаан байсан нь мэдээж.


Уран зохиолоор жишээ авахад л “Оливер Твист” зохиолыг уншсан хүүхэд баян ядуугийн талаарх ойлголтыг огт тоодоггүй. Мөнхүү “Парисын дарь эхийн сүм” жүжгийг үзсэн үзэгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шоочилж гадуурхдаггүй бөгөөд Кавазимодогийн Эсмеральдаад дурласан тэр их зовлон шаналалыг ойлгож байдаг. Нийгэмд урлагаар дамжуулан гэгээрлийн түвшний ойлголтыг ийнхүү бий болгодог.


Харин “Фауст” жүжиг бидэнд хүний амьдралын мөн чанар эцэстээ өөрийгөө ойлгохуйгаас эхэлж бусдыг хайрлах хайранд оршиж байдаг гэдгийг сануулав. Жүжгийн төгсгөлд тайз огт харанхуйлдаггүй бөгөөд насан эцэслэсэн хөгшин Фаустын дээрээс шаргал өнгийн гэрэл туссаар байдаг. Заавал үйл хөдлөлөөр бус гэрлийн фокусаар түүний сүнс тамд бус диваажинд одсоныг илтгэж байна.


Өдгөө дэлхийн 60 гаруй улсын театрын урын санг чимсээр буй “Фауст” ийнхүү орчин үеийн театрын хэлбэр болох пост драмаар монгол хөрсөн дээр буулаа. Монголын театр хэзээд шинэ сэргэг зүйлсээр дүүрэн байж, шат ахин урагшилж байгаагийн томоохон жишээ энэ болов. Үзэгдэл бүрт огцом хурц эргэлттэй, хоорондоо эсрэгцсэн тавилтууд жүжгийн явцад үргэлжилж байсан нь жинхэнэ пост драм болж чадлаа. Тийм дээ ч Монголд мэндэлсэн “Фауст” бол оюуны шинэ хэрэгцээ юм.

Холбоотой мэдээ