Боливи улс Венесуэлтэй дипломат харилцаагаа тасалсныг мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СУКРЕ. /АP/. Боливийн эрх баригчид Венесуэл улстай дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргажээ. Ийм мэдэгдлийг тус улсын Гадаад хэргийн сайд Карен Лонгарик баасан гарагт хийсэн байна. Түүнийг Боливийн түр Ерөнхийлөгчөөр өөрийгөө зарласан Жанин Аньес энэхүү албан тушаалд томилжээ.
“Венесуэлийн дипломат ажилтнууд дипломат журмыг зөрчсөн учир Боливийг орхин гарах ёстой” гэж тэрбээр хэлснийг “Erbol” радиостанц уламжилсан байна. Боливийн эрх баригчдын мэдэгэдсэнээр, улс орны "дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон" учир дипломат ажилтнуудыг хөөсөн аж.
Карен Лонгарик мөн Ерөнхийлөгч асан Эво Моралесын үед байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллаж байсан Куба улсын 700 гаруй эмчийг Боливиос гаргах талаар тус улсын эрх баригчидтай тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн байна.