Нийслэлд 3000 гаруй хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-11-18 10:05:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-17-нд нийслэлд болсон Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 3070  иргэн оржээ.

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл тус шалгалтыг зохион байгуулсан юм.

Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсны дагуу тухайн байгууллагуудын захиалгын дагуу, сул ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж төрийн албаны шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ удаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхийг хүссэн дээд боловсрол эзэмшсэн, Монгол Улсын иргэдийг  ямар нэг мэргэжил харгалзалгүй, мөн ажлын туршлага шаардахгүйгээр бүртгэж Ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэн бодох чадамжийг шалгах гэсэн шалгалтыг авахаар болсон.

Улсын хэмжээнд нийт 8891 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлжээ. Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдээс монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг энэ сарын 19-нд авах бөгөөд тэнцсэн иргэдээс энэ сарын 21-нд дүн шинжилгээ хийх чадварын шалгалт авах юм.

Зохион байгуулагч нар шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд хоцрох, иргэний үнэмлэхээ орхиж ирэх, 6 оронтой нэвтрэх эрхээ мартах зэрэг зөрчил дутагдал байсныг дурдаж байв.  Ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн иргэдийн хувьд, зохион байгуулалт сайтай, бүгдэд нь тэгш үйлчилсэн, шударга шалгалт боллоо гэдгийг илэрхийлж байв.

Гурван удаагийн шалгалтад тэнцсэн иргэдээс  төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4,  Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.1-д заасны  дагуу шийдвэрлэх аж.



Холбоотой мэдээ