Сурагчдад цахим сүлжээг зохистой хэрэглэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-18 17:19:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, ГБХЗХГ, “Монлайн” спорт хувцасны үйлдвэрийн Өвөрхангай аймаг дахь салбар хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Өнгөрөгч амралтын өдрөөр зохиосон тус тэмцээнд 13 сумаас 34 багийн 272 тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдсөн бөгөөд хөвгүүдийн ангилалд Г.Наранцацралт ахлагчтай ЕБ-ын 1-р сургуулийн баг, охидын ангилалд Э.Энхтуяа ахлагчтай Бүрд сумын баг тус тус тэргүүн байр эзэллээ. Шилдэг холбогчоор О.Халиун /ЕБ-ын 4-р сургууль/, С.Алтансүх /ЕБ-ын 1-р сургууль/, Шилдэг довтлогчоор Э.Энхтуяа /Бүрд/, А.Билгүүнтулга /Гучин-Ус/, Шилдэг тэгш тоглогчоор Л.Налжирмаа /Гучин-Ус/, Г.Мөнхбат /Хархорин/ нар тус тус шалгарсан байна.

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх зорилготой тус тэмцээнийг “Сошиалтай биш спорттой нөхөрлөе” уриан дор зохион байгуулж, сурагчдад цахим сүлжээг зохистой хэрэглэхийг уриаллаа.

Холбоотой мэдээ