Түшиг сум анхны төрийн одонт сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-18 21:36:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Түшиг сум Сэлэнгэ аймагтаа анхны төрийн одонт сум боллоо. Хуучнаар Зэлтэр”-ийн САА, одоогийн Түшиг сум Атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоороо Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнууллаа. 

Монгол Улсын атрын анхны “Зэлтэр”-ийн САА нь газар тариалангийн салбарт Улсын 12 удаагийн аваргаар шалгарч байсан түүхэн гавьяатай ажээ. Мөн эл сангийн аж ахуйн хамт олны бүтээлч хөдөлмөрийг Ю.Цэдэнбал дарга өндөр үнэлж баярын цахилгаан хоёр удаа ирүүлж байжээ. 

Түүнчлэн МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны дипломоор хоёр удаа, V таван жилийн гавшгайч хамт олон дурсгалын диплом, 1988 онд га-гаас 26.0 цн ургац хурааж, атар газар эзэмшсэний 30 жилийн ойн Улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч байжээ. "Зэлтэр"-ийн сангийн аж ахуй нь таваарын үр тариа тариалах үйлдвэрлэлийг эрхлэхийн зэрэгцээ төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах станц, мал аж ахуй, үржлийн фермийн аж ахуйг хөгжүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол Улсын бодлого шийдвэр, хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан байна.

Хөдөлмөрч, бүтээлч Түшиг сумаас Хөдөлмөрийн баатар Л.Чинбат захиралтай “Гацуурт” ХХК, Гавъяат тээвэрчин Ш.Норовсамбуу захиралтай “Анхтамир” ХХК, Монгол Улсын начин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт С.Баатар захиралтай “Бооцын тариа” ХХК-ууд “Улсын аварга тариаланч хамт олон” төрөн гарчээ.  

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа зарлигийг уншиж танилцуулан Түшиг сумын хүндэтгэлийн туганд “Алтан гадас” одонг зүүж өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, нам төрийн ахмад зүтгэлтэн Д.Бадарч болон Түшиг сумын ард иргэд, тариаланчид, хүүхэд залуучууд оролцлоо.

Холбоотой мэдээ