АНУ Саудын Арабад нэмж цэрэг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-20 08:03:36

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Саудын Арабын нефтийн объектуудыг хамгаалах зорилгоор АНУ ирэх долоо хоногт нэмж цэрэг илгээнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын Конгресст илгээсэн захидалд дурджээ. Захидлыг мягмар гарагт нийтэлсэн байна.


“Нэмж илгээж байгаа цэргийн ангиудын эхнийх нь Саудын Арабад хэдийнэ очсон, үлдсэн хэсэг нь ирэх долоо хоногт очно. Эдгээр нэмэлт хүчний хамтаар Саудын Араб дахь АНУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо 3000 орчим болно” гэж баримт бичигт дурджээ.


Трампын хэлснээр, цэргүүдийн оролцоо шаардлагагүй болох хүртэл тэд тэнд үлдэнэ. Саудын Арабын эрх баригчид ч мөн радар, пуужин эсэргүүцэгч системээ илгээх аж.


Саудын Арабын нефтийн хэд хэдэн объект есдүгээр сарын 14-нд халдлагад өртсөн юм. Энэ үйл явдлын дараа нефтийн томоохон экспортлогч болох тус улсын олборлолтын хэмжээ хоёр дахин буурсан байна. Саудын Арабын нефтийн объектуудад дроны тусламжтайгаар халдсан гэж Йемений босогч-хуситууд мэдэгджээ. Тэд Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвслийн эсрэг тулалдаж байгаа юм. Харин АНУ-ын эрх баригчид энэ халдлагад Ираныг буруутгаж, Йеменээс халдлага үйлдсэнийг нотлох баримт байхгүй байна гэж мэдэгджээ. Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл ч мөн халдлагад Техран холбоотой гэж үзэж байгаа аж. Ираны эрх баригчид үүнийг няцаагаад халдлагад холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ